ОХУ нисэхийн түлш (авиа керосин)-ний экспортыг 2026 оны арваннэгдүгээр сарын 30 хүртэл хориглох шийдвэр гаргалаа. Энэ тухай ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн алба зургадугаар сарын 1-нд мэдээлэв. Тус мэдэгдэлд дурдсанаар, уг арга хэмжээний гол зорилго нь дотоодын түлшний зах зээлийн тогтвортой байдлыг хангах явдал аж.
Шинэ хориг нь биржийн арилжаагаар худалдан авсан нисэхийн түлшинд ч мөн хамаарах юм байна. Харин нислэг үйлдэж буй агаарын хөлгийн технологийн нөөц саванд байгаа түлш, журам хүчин төгөлдөр болохоос өмнө гаалийн бүрдүүлэлтэд хамрагдсан керосины ачилтууд, мөн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд нийлүүлэх түлшинд энэхүү хориг үйлчлэхгүй ажээ.
ОХУ нисэхийн түлшийг гол төлөв төмөр замаар Төв Азийн орнууд руу экспортолдог бөгөөд экспортын гол зах зээл нь Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан юм.
Түлшний зах зээлд дарамт нэмэгдэв
Казахстан улсад тавдугаар сарын 28-нд болсон Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамт оролцсон Эрчим хүчний сайд Сергей Цивилёв нисэхийн түлшний экспорт хэвийн үргэлжилж байгаа талаар мэдэгдэж байв. Тэрбээр тухайн үед “Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна” хэмээн онцолж байжээ.
Авиа керосины экспортод тавьсан хориг нь Оросын түлшний зах зээлд сүүлийн үед хэрэгжүүлж буй хязгаарлалтын бас нэгэн алхам болж байгаа аж. Өмнө нь бензиний экспортыг бүх оролцогчдод бүрэн хориглосон бол дизель түлш, усан онгоцны түлш болон газойлийн экспортыг зөвхөн үйлдвэрлэгч компаниудад зөвшөөрөөд буй юм байна.
Дэлхийн зах зээлд ч хомсдол үүсээд байна
Дэлхийн нисэхийн түлшний зах зээл хэдийнэ нийлүүлэлтийн хүндрэлтэй нүүр тулж байгаа билээ. Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас Ормузын хоолойн тээвэрлэлт саатсаны дараа агаарын тээврийн компаниуд тавдугаар сарын нислэгүүдийн төлөвлөсөн хэмжээнээс ойролцоогоор хоёр сая орчим тасалбар бага борлуулсан гэж мэдээлжээ.
Украины цохилтууд газрын тос боловсруулах салбарт нөлөөлөв
Сүүлийн саруудад Украин улс ОХУ-ын гүн дэх газрын тос, байгалийн хийн объектуудад цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлсэн. Үүний зорилго нь дайны санхүүжилтийн чухал эх үүсвэр болсон эрчим хүчний салбарын орлогыг бууруулах явдал гэж ажиглагчид үзэж буй.
Үүний улмаас Оросын хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэр үйлдвэрлэлээ бууруулах, эсвэл түр хугацаанд бүрэн зогсоохоос өөр аргагүй болсон байна. Reuters агентлагийн дүн шинжилгээнээс үзэхэд, 2026 оны тавдугаар сард дизель түлшний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 10 хувиар буурсан бол дөрөвдүгээр сард мөн адил хэмжээний бууралт бүртгэгджээ.
Эх сурвалж: DW, INTEFAX