АНУ "Германд тус бүр 2500 км хүртэл тусгалтай Tomahawk далавчит пуужингаар тоноглогдсон батальон байрлуулахгүй" гэж мэдэгджээ. Энэ шийдвэрийг өмнө нь Герман улс Оросын эсрэг хүчтэй сэргийлэх арга хэмжээ болгон шаардаж байв.
Дональд Трамп болон тухайн үеийн Германы канцлер Олаф Шольц нарын үед 2024 онд тохиролцсон энэ төлөвлөгөөний дагуу батальоныг 2025 он дуусахаас өмнө байрлуулах ёстой байсан бөгөөд Европ өөрийн далавчит пуужинг хөгжүүлж дуустал түр хугацааны шийдэл байхаар төлөвлөсөн байжээ.
Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус өмнө нь энэ нь НАТО-гийн чадавхийн “хоосон орон зайг нөхнө” гэж мэдэгдэж байсан аж. АНУ-ын тал энэ шийдвэрийг “Европ дахь цэргийн байршуулалтыг нарийвчлан шалгасны дараа гаргасан” гэж тайлбарлажээ.
Германы аюулгүй байдлын шинжээч Нико Ланге Оросын Калининград дахь пуужингийн хүчин чадал Германд шууд аюул учруулж буйг анхааруулсан ч "Германд тохирох хариу цохилтын пуужин байхгүй" гэжээ.
Мөн өөр нэг шинжээч Кристиан Мёллинг энэ шийдвэрийг “илүү санаа зовоосон мэдээ” гэж тодорхойлж, ийм пуужин байхгүй бол НАТО-гийн сэргийлэх чадвар сулрах бөгөөд АНУ-ыг ирээдүйд шууд оролцоонд илүү түлхэж болзошгүй гэж үзсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Пит Хегсет мөн Германд байрлах цэргийн тоог 5000 орчим цэргээр бууруулахаар өгсөн тушаал ойрын 6-12 сарын дотор хэрэгжих ажээ.
Одоогийн байдлаар АНУ Европт 68000 орчим цэрэгтэйгээс 36000 гаруй нь Германд байрлаж буй бөгөөд энэ нь НАТО-гийн Европт байршуулсан хамгийн том цэргийн хүч хэвээр байна.
Эх сурвалж: DW