Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Ирэх өвөл эхлэхээс өмнө Оросын Украинд явуулж буй дайныг зогсоох дипломат гарц олох шаардлагатай" гэж мэдэгджээ. Тэрбээр энэ байр сууриа АНУ-ын CBS телевизийн "Face the Nation" нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөх үеэрээ илэрхийлсэн бөгөөд ярилцлагын хэсгээс тавдугаар сарын 31-нд Украины төрийн тэргүүний албан ёсны сувгууд эш татан нийтэлсэн байна.
Зеленскийн хэлснээр, 2025 оны сүүл үеэс эхлэн Оросын арми фронтын шугам дахь давуу байдлаа аажмаар алдаж эхэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын түншүүддээ “Орос улс сар өнгөрөх тусам улам их цэргийн хүчээ алдах тул хэлэлцээ хийх боломжит цонх нээгдэж байна гэж үзэж байна” хэмээн хэлж байснаа дурджээ.
Мөн тэрбээр одоогийн нөхцөлд Украин сар бүр Оросын эзэлж буй газар нутгаас илүү их газар нутгийг чөлөөлж байгаа гэж онцолсон аж. Зеленский “Тиймээс ирэх өвөл эхлэхээс өмнө дипломат шийдэлд хүрч, хэлэлцээний ширээний ард суух хэрэгтэй гэж бодож байна” хэмээн мэдэгдсэн байна.
Тэр "Гэвч энэхүү үйл явц нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд Оросын нийгэм доторх шахалт хэр хүчтэй үзүүлэх, мөн АНУ болон Европ ОХУ-д тавих хориг арга хэмжээний нөлөөллөөс ихээхэн хамаарна гэж нэмж хэлсэн байна.
Европыг “Еврогурвал” төлөөлж болно
Зеленскийн үзэж буйгаар, энхийн хэлэлцээнд Европын төлөөлөгчөөр Их Британи, Франц, Герман гэсэн гурван улсын бүрэлдэхүүнтэй “Еврогурвал” оролцох боломжтой аж. Түүнчлэн Украины хувьд Хойд Европын орнууд ч найдвартай түншүүд хэвээр байгааг онцолжээ.
Тэрбээр “Турк улс үргэлж зуучлагч байх сонирхолтой байсан. Тэдний оролцоотойгоор бид дайнд олзлогдсон цэргүүдээ эх оронд нь буцаан авчрах чиглэлд тодорхой ахиц гаргаж чадсан” хэмээн дурдсан байна.
Зеленский аливаа шийдвэрийг Украин болон Европ хамтран гаргах ёстойг тэмдэглээд, үүний зэрэгцээ Орос улс хэлэлцээ хийхэд болон Европын оролцоог хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх нь чухал болохыг онцолжээ.
Киев дайныг дахин 2-3 жил үргэлжлүүлэх бэлтгэл хийж байна гэсэн мэдээллийг үгүйсгэв
Саяхан Британийн "The Economist" сэтгүүл Засгийн газрын эх сурвалжуудаас эш татан, Зеленскийг дайныг дахин “хоёроос гурван жил” үргэлжлэх хувилбарт бэлтгэх чиглэл өгсөн гэж мэдээлсэн аж.
Тус нийтлэлд АНУ-ын оролцоотой явагдсан сүүлийн хэлэлцээнүүд үр дүнд хүрээгүй тул одоогийн хамгийн магадлалтай хувилбар нь аль нэг тал хүч нь барагдах хүртэл дайныг үргэлжлүүлэх явдал гэж дурдсан байжээ.
Гэвч Украины эрх баригчдын эх сурвалж энэ мэдээллийг няцааж, “Хуучин ташаа мэдээллийг дахин тарааж байна” хэмээн мэдэгдсэнийг “РБК-Украина” агентлаг мэдээлжээ.
Түүнчлэн Зеленский өөрөө ОХУ-д гал зогсоох санал байнга тавьж ирсэн бөгөөд саяхан дайны “идэвхтэй буюу халуун шат” 2026 оны арваннэгдүгээр сар гэхэд дуусах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн талаар Украины Дээд Радагийн гишүүн Ольга Василевская-Смаглюк мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW