АНУ-ын Төрийн департамент Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн ЗРК Hawk системийн засвар үйлчилгээний тоног төхөөрөмж болон холбогдох хэрэгслийг худалдахыг зөвшөөрсөн байна. Америкийн Төрийн департаментаас тавдугаар сарын 21-ний пүрэв гарагт нийтэлсэн хэвлэлийн мэдээнд "Тус хэлцлийн нийт үнэлгээ 108.1 сая ам.доллар байна" гэж дурджээ.

Мэдээлэлд дурдсанаар, Киев дараах тоног төхөөрөмжийг хүссэн байна. Үүнд: өргөх тулгууртай чиргүүлүүд, техникийн засвар үйлчилгээ болон шинэчлэлийн дэмжлэг, сэлбэг хэрэгсэл, хэрэглээний материал болон дагалдах хэрэгслүүд, мөн АНУ-ын засгийн газар болон гэрээт байгууллагуудаас инженер-техникийн болон логистикийн үйлчилгээний дэмжлэг зэрэг аж. Эдгээр нь “FrankenSAM Hawk” агаарын довтолгооноос хамгаалах системтэй холбоотой юм байна.

Стратегийн үндэслэл

АНУ-ын талын үнэлснээр уг хэлцэл нь АНУ-ын гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдлын зорилтуудтай нийцэж буй бөгөөд Европ дахь улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөтэй түнш орны аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж үзжээ.

Төрийн департаментын мэдэгдэлд "Энэхүү хэлцэл нь Украиныг одоогийн болон ирээдүйн аюул заналтай илүү үр дүнтэй тэмцэх чадвартай болгож, илүү найдвартай нэгдсэн агаарын довтолгооноос хамгаалах системийг бүрдүүлнэ" гэж дурдсан байна.

Мөн Вашингтон нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, үйлчилгээ нь Украины зэвсэгт хүчинд хүндрэлгүйгээр уялдан ашиглагдаж, бүс нутгийн цэргийн тэнцвэрт байдалд ноцтой өөрчлөлт оруулахгүй гэж үзжээ.

Гэрээний үндсэн гүйцэтгэгч нь Колорадо мужийн Энглвуд хотод байрлах Sierra Nevada Corporation компани байх аж. АНУ-ын талын мэдэгдсэнээр, энэ хэлцэл нь АНУ-ын зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна.

PURL хөтөлбөр

Киев АНУ-аас зэвсгийг НАТО-гийн PURL санаачилгын хүрээнд хүлээн авчээ. Энэ нь Европын орнуудын мөнгөөр Украинд зориулан Америкийн зэвсэг худалдан авах хөтөлбөр аж.

Ойрхи Дорнод дахь дайны улмаас АНУ Европ руу зарим зэвсэг, тэр дундаа Украинд ашиглагддаг сум, хэрэгслийн нийлүүлэлтийг саатуулж болзошгүй талаар анхааруулсан байна.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас тавдугаар сарын 19-нд мэдэгдэхдээ PURL хөтөлбөрийн хүрээнд зэвсгийн нийлүүлэлт үргэлжилж байгаа талаар онцолжээ.

Эх сурвалж: DW