Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизуми ням гарагт Токиог “шинэ милитаризм”-д эргэн орж байна гэсэн Хятад улс буруутгасныг няцааж, мөн Хятад улс ил тод бус байдлаар цэргийн хүчээ хурдацтай өргөжүүлж байгааг шүүмжилсэн нь хоёр улсын хоорондын хурцадмал байдал нэмэгдэж буйг харуулав.

Коизуми Сингапурт болсон Шангри-Ла хэлэлцүүлгийн үеэр Хятад улс батлан хамгаалахын зардлаа өндөр түвшинд тогтмол нэмэгдүүлж буйг онцлоод, “Хятадын гадаад бодлогын хандлага болон цэргийн үйл ажиллагаа Япон төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ноцтой анхаарал татсан асуудал юм” гэж мэдэгджээ.

"Япон 'шинэ милитаризм'-д эргэн орж байна3 гэсэн шүүмжлэлийг няцаахдаа тэрбээр “Бодоод үз дээ. Нэг улс асар их хэмжээний цөмийн зэвсэг, стратегийн бөмбөгдөгч онгоцтой. Харин Япон ийм төрлийн зэвсэг огт эзэмшдэггүй. Тэгсэн атлаа Японыг ‘шинэ милитаризм’ гэж нэрлэж байна шүү дээ?” хэмээн хэлжээ.

Коизуми Японы Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших түүхийг “өөрөө хангалттай нотолгоо” гэж тодорхойлж, тус улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрэмд үнэнч байсаар ирсэн бөгөөд “чөлөөт, нээлттэй олон улсын дэг журам”-ыг дэмжихийн төлөө ажиллаж ирснийг онцолсон байна.

Харин тавдугаар сард Хятадын Гадаад хэргийн яам Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудыг болгоомжтой байж, “Японы нео-милитgрист үйлдлүүдийг хамтран эсэргүүцэх”-ийг уриалсан билээ.

Сингапурын чуулган дээр Хятадын төлөөлөгч, хошууч генерал Мэн Шяньчин мөн Японыг шүүмжилсэн байна. Тэрбээр “Милитаризмын хорт өвийг бүрэн арилгаагүй улс олон улсын тавцанд батлан хамгаалах хамтын ажиллагааны талаар өргөн ярих эрхтэй эсэхэд би гүн эргэлзэж байна. Мөн урьд нь довтолж байсан Азийн улс орнуудын, ялангуяа Олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг хүлээх чадвартай эсэх нь эргэлзээтэй” гэж хэлжээ.

Япон болон Хятадын харилцаа Тайванийн асуудлаас үүдэн сүүлийн жилүүдийн хамгийн хурц түвшинд хүрсэн. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи арваннэгдүгээр сард Хятад Тайваньд халдвал Япон цэргийн хариу арга хэмжээ авч болзошгүй гэж анхааруулснаар хурцадмал байдал улам нэмэгдсэн байна.

Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд Тайбэйн засгийн газар үүнийг эрс эсэргүүцдэг.

Коизуми энэ уулзалтын үеэр Хятадын сайдтай уулзаж чадаагүйдээ харамсаж буйгаа илэрхийлсэн ч Япон улс харилцан ярианд нээлттэй хэвээр болохыг онцолж, “Бид хаалгаа нээлттэй байлгаж байна” хэмээн мэдэгджээ. Тэр мөн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд Хятад болон бусад орнуудтай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх Японы байр суурийг дахин нотолсон байна.

Хоёр дахь жилдээ дараалан Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жүн Сингапурт болсон энэхүү аюулгүй байдлын чуулганд оролцоогүй нь олон улсын уулзалтад хамтран ажиллах боломжийг алгассан хэрэг болжээ.

Коизуми мөн Япон улс Ази, Номхон далайн бүс нутагт батлан хамгаалах техник, тоног төхөөрөмжийн хамтын ажиллагаанд шинэ үүрэг гүйцэтгэхээр зорьж, бүс нутгийн хэмжээнд сэргийлэх чадавхийг бодитоор бэхжүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Бид дарамт шахалтад автдаггүй бүс нутгийг хүсэж байна. Бид худал мэдээлэлд төөрөлддөггүй бүс нутгийг хүсэж байна. Бид албадлагад автагддаггүй бүс нутгийг хүсэж байна” гэж хэлжээ.

Токио дөрөвдүгээр сард батлан хамгаалахын экспортын дүрмээ сүүлийн хэдэн арван жилд хамгийн өргөн хүрээнд шинэчилж, гадаад улс руу зэвсэг экспортлох хязгаарлалтыг сулруулснаар байлдааны хөлөг онгоц, пуужин болон бусад зэвсэг экспортлох боломжийг нээсэн байна.

Эх сурвалж: REUTERS