Польшийн Сеймийн гишүүн Влодзимеж Скалик нийгмийн сүлжээ X-д 3Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Польшийн “Цагаан бүргэдийн одон”-гоос аль болох хурдан хасах ёстой" гэж мэдэгджээ. Мөн тэр "Варшав Украины нутаг руу барууны зэвсэг дамжуулах гол ложистикийн зангилаа болох Жешувын чиглэлийн тээвэрлэлтийг бүрэн хаах хэрэгтэй" гэж уриалсан байна.
Скалик "Зеленский энэ улсын дээд шагналын эздийн жагсаалтад үлдвэл “энэ жагсаалтыг гутаана” гэж хэлжээ. Мөн тэрбээр "Тус одон нь зөвхөн Польшид үзүүлсэн онцгой иргэний болон цэргийн гавьяанд олгогдох ёстой болохоос Украины үйл ажиллагаанд биш" гэж онцолсон байна.
Скалик мөн Киев мужид нацист хамтран зүтгэгчдийг хүндэтгэн дурсах ёслолд Украины тал оролцсон гэх мэдээлэлтэй холбоотойгоор энэ үйл явдлыг “урьд өмнө сонсогдоогүй шуугиан” гэж тодорхойлжээ. Тэрбээр Польшийн дотоод бодлого “эмгэгт автсан” гэж шүүмжилж, ийм шийдвэр дахин гарахгүйн тулд улс төрийн хараат бус байдлыг сэргээх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
Киев, Варшавын хоорондын байр суурь хурцдав
Мөн тэрбээр Польш зөвхөн Зеленскийг шагналаас хасаад зогсохгүй Киевт үзүүлэх дарамтыг чангатгах ёстой гэж үзжээ. Үүнд НАТО-гийн логистикийн чухал төвүүдийг хаах зэрэг хатуу алхмууд багтаж болохыг дурдсан байна.
Тэр “Зеленскийг одонгоос хасах нь эхний алхам. Дараагийн алхмуудыг хийх цаг болсон. Украины санхүүжилтийг зогсоож, Ясенкагийн логистикийн төвийг хаах хэрэгтэй. Цагаачлалын бодлогыг эргэн харж, хилийн хяналтыг чангатгах шаардлагатай. Хамгийн чухал нь энэ дайнд оролцохоо зогсоох ёстой. Энэ бол бидний дайн биш” гэж дүгнэжээ.
Одон ба улс төрийн маргаан
Польшийн “Цагаан бүргэдийн одон” тус улсын хамгийн дээд, хамгийн эртний төрийн шагнал аж. Зеленскийд энэ шагналыг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд Польшид хийсэн албан ёсны айлчлалынх нь үеэр гардуулж байжээ.
Сүүлийн үйл явдлуудтай холбоотойгоор Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцки Зеленскийг уг шагналаас хасах асуудлыг хэлэлцэх санал гаргаж, Украины талын зарим үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI