АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн эмч Шон Барабелла түүний эрүүл мэндийн байдлыг “маш сайн” гэж үнэлсэн тухай дүгнэлтийг Цагаан ордон тавдугаар сарын 30-ны бямба гарагт Х (хуучнаар Twitter)-д нийтэлжээ.

Эмчийн тайланд дурдсанаар, Трамп АНУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болон төрийн тэргүүний үүргийг бүрэн гүйцэтгэх чадвартай аж. Түүний зүрх, уушги, мэдрэлийн тогтолцоо болон биеийн ерөнхий үзүүлэлтүүд маш сайн байгаа гэж дүгнэсэн байна. Мөн түүний танин мэдэхүйн болон биеийн ажиллагаа өндөр түвшинд хэвээр байгааг онцолжээ.

Гэсэн хэдий ч эмч Трампыг урьдчилан сэргийлэх зорилгоор илүү идэвхтэй хөдөлгөөн хийх, мөн жингээ хасахыг зөвлөсөн байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд түүний жин 101.6 кг-аас 108 кг болж нэмэгдсэн бөгөөд өндөр нь 191 см гэж мэдээлжээ. Мөн зүрх судасны өвчнөөс сэргийлэх зорилгоор бага тунгаар аспирин хэрэглэхийг зөвлөсөн байна.

Трампын гар дээр хөхрөлт ажиглагдсан талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан. Эмчийн үзлэгээр энэ нь гар барих давтамж их, мөн урьдчилан сэргийлэх зорилгоор аспирин хэрэглэдэгтэй холбоотой байж болзошгүй гэж тайлбарлажээ. CNN-ийн мэдээлснээр, ерөнхийдөө өдөрт 81 мг аспирин хэрэглэхийг зөвлөдөг бол Трамп өмнө нь 325 мг хэрэглэдэг гэж мэдэгдэж байсан аж.

Мөн 2026 оны зургадугаар сарын 14-нд Трамп 80 нас хүрэх аж. Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгчдийн нэгт тооцогдож буй юм. Өмнө нь энэ үзүүлэлт Жо Байденд хамаарч байсан бөгөөд тэрбээр 82 насандаа албан тушаалаа буусан билээ.

Эх сурвалж: DW