ОХУ-ын зэвсэгт хүчин тавдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Украины Сумы муж дахь Шосткагийн орон нутгийн захиргааны нэгж рүү нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгчээ.
Сумы мужийн цэргийн захиргааны дарга Олег Григоров "Халдлагын улмаас иргэний дэд бүтцийн байгууламжууд, орон сууц болон аж ахуйн зориулалттай барилгууд, захиргааны байр, тээврийн хэрэгслүүд эвдэрч гэмтсэн" гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн зарим дроныг устгаж чаджээ. Урьдчилсан мэдээллээр хүний амь эрсдээгүй, шархадсан хүн байхгүй аж.
Мөн өдрийн өглөө Запорожье муж дахь үйлдвэрийн дэд бүтцэд өгсөн цохилтын улмаас 40 настай эрэгтэй хүнд шархаджээ. Мужийн цэргийн захиргааны дарга Иван Федоров түүний биеийн байдал хүнд, эмч нар эмчилгээ хийж буй талаар мэдээлсэн байна.
Сумы мужид сүүлийн 24 цагийн хугацаанд болсон буудлага, дроны халдлагын улмаас Краснопольскийд 59 настай эрэгтэй амиа алджээ. Мөн Хотинскийд 48 настай эмэгтэй, 65 настай эрэгтэй хоёр шархадсан байна. Өнгөрсөн хоногт тус мужийн харъяа 19 сууринд нийт 50 гаруй удаагийн цохилт бүртгэгджээ.
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн мэдээлснээр, ОХУ тавдугаар сарын 30-ны шөнө Украин руу Х-101 загварын зургаан далавчит пуужин болон 290 цохилтын дрон харважээ. Украины тал 279 дрон, таван пуужинг устгаж, саармагжуулсан гэж мэдэгдсэн байна.
Гэсэн ч долоон байршилд дрон туссан, мөн арван газарт пуужин, дроны хэлтэрхий унасан тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн Украины Агаарын цэргийн хүчин "Нэг далавчит болон нэг баллистик пуужин байдаа хүрээгүй. Эдгээрийн талаарх мэдээллийг үргэлжлүүлэн тодруулж байна" гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: DW, DELFI