Засгийн газрын шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Ганчулууныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус албан тушаалд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Ж.Батбаатарыг томилжээ.
Ж.Батбаатар нь хууль сахиулах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан, салбарын хэмжээнд туршлага, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн албан хаагч юм. Тэрбээр төрийн албанд тасралтгүй 26 жил ажилласнаас 20 жилийг нь удирдах түвшний албан тушаалд ажиллажээ. Мөн ажил, мэргэжлийн амжилтаараа хугацаанаасаа өмнө ахмад, хошууч цол хүртэж байсан байна.
Тэрээр 2001 онд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар, аймаг, нийслэлийн цагдаагийн байгууллагад шат дараатайгаар ажиллан туршлага хуримтлуулжээ. Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад удирдах албан тушаал хашиж, улмаар Говь-Алтай болон Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар ажилласан байна.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Техникийн газарт газрын дэд дарга бөгөөд хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газарт тасгийн даргын албыг хашиж байсан бөгөөд 2019 оноос Авлигатай тэмцэх газарт хэлтсийн даргаар томилогдон ажиллажээ.
АТГ-т ажиллах хугацаандаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, хүний хүчин зүйлээс хамаарах эрсдэлийг бууруулах, үндэслэлгүй хөрөнгөжих болон нуугдмал хөрөнгийг илрүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан гэж үнэлэгддэг.
Боловсрол
- Дотоод хэргийн их сургууль – “Цагдаагийн ажилтан, эрх зүйч” бакалавр
- Санхүү эдийн засгийн их сургууль – “Бизнесийн удирдлага” бакалавр
- Монгол Улсын Их Сургууль – “Хууль зүйн ухааны магистр”
Ажлын туршлага
- 2001–2002: Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч
- 2002–2005: Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч
- 2005–2007: Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгч
- 2007–2009: Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн тасгийн дарга
- 2009–2010: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн тасгийн дарга
- 2010–2012: Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга
- 2012–2014: ЦЕГ-ын Техникийн газрын дэд дарга бөгөөд хэлтсийн дарга
- 2014–2017: Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга
- 2017: Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга
- 2017–2019: Нийслэлийн цагдаагийн газарт тасгийн дарга
- 2019–2026: Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга
Ийнхүү хууль сахиулах болон мөрдөн шалгах чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан Ж.Батбаатар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд томилогдон ажиллахаар болж байна.