АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай зөвхөн өөрийн тавьсан үндсэн шаардлагууд биелсэн нөхцөлд тохиролцоо хийхэд бэлэн байгаа талаар Цагаан ордны төлөөлөгч тавдугаар сарын 30-ны өдөр AFP агентлагт мэдэгджээ.
Төлөөлөгчийн хэлснээр, Трамп өөрийн “улаан шугам”-ыг чанд мөрдүүлэхийг шаардаж буй аж. Түүний хамгийн гол шаардлагын нэг нь “Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй”.
Трамп Цагаан ордны Аюулгүй байдлын шуурхай удирдлагын төвд зөвлөхүүдтэйгээ уулзсан байна. Уулзалтын өмнө тэрбээр хэлэлцүүлгийн дараа боломжит гэрээний талаар эцсийн шийдвэр гаргахаа мэдэгджээ.
АНУ-ын засаг захиргааны нэрээ нууцалсан төлөөлөгчийн мэдээлснээр, Аюулгүй байдлын шуурхай удирдлагын төвд болсон хурал хоёр цаг орчим үргэлжилжээ. Ерөнхийлөгч Трамп зөвхөн Америкийн ашиг сонирхолд нийцсэн бөгөөд түүний тогтоосон ‘улаан шугам’-ыг хүндэтгэсэн хэлэлцээрийг л зөвшөөрнө гэжээ.
Тегеран: Эцсийн тохиролцоо хараахан хийгдээгүй
Ираны тал АНУ-тай дайныг зогсоох асуудлаар эцсийн тохиролцоонд хүрээгүй байна гэж мэдэгджээ. Эсмаил Бакаи “Мессэж солилцох ажиллагаа үргэлжилж байгаа ч эцсийн тохиролцоонд хараахан хүрээгүй байна” гэжээ.
Үүнээс өмнө Axios хоёр америк албан тушаалтны хэлснээс эш татан АНУ болон Ираны хэлэлцээчид мөргөлдөөнийг зохицуулах хүрээ хэлэлцээрийн урьдчилсан тохиролцоонд хүрсэн боловч Трамп одоогийн байдлаар албан ёсоор зөвшөөрөөгүй байна гэж мэдээлсэн аж.
Эх сурвалж: DW