Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 3-ны ням гарагт сошиал сүлжээгээрээ дамжуулан "Украины зэвсэгт хүчин ОХУ-ын “сүүдрийн флот”-д хамаарах хоёр нефть тээвэрлэгч танкерыг Краснодарын хязгаар дахь Новороссийск боомтын ойролцоо онилон цохилт өгсөн" гэж мэдээлжээ.

Тэрбээр уг постдоо усан дрон хөлөг онгоц руу ойртож буйг харуулсан бичлэг хавсаргасан байна. Зеленский “Эдгээр танкерууд нефть тээвэрлэхэд идэвхтэй ашиглагддаг байсан. Одоо энэ бүхэн өнгөрсөнд үлдлээ” хэмээн онцолсон байна.

Мөн тэрбээр ажиллагааг удирдсан Украины Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Андрей Гнатов, Украины Аюулгүй байдлын албаны сөрөг тагнуулын ажилтнууд болон тэнгисийн цэргийн хүчнийхэнд “үргэлж өндөр үр дүнтэй ажилласанд” талархал илэрхийлжээ.

Зеленский “Украины алсын зайн цохилтын боломжууд цаашид далай, агаар, хуурай газарт улам бүр хөгжсөөр байх болно” гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч тэр танкерууд яг хэзээ өртсөн болон ямар хэмжээний хохирол учирсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.

Үүний зэрэгцээ тавдугаар сарын 1-нд шилжих шөнө Краснодарын хязгаар дахь Туапсе хотын далайн терминалд Украины дронуудын довтолгооны улмаас гал гарсан байна. Үүнээс өмнө тус хотын нефтийн байгууламжууд дөрөвдүгээр сарын 16, 20, 28-нд шилжих шөнүүдэд мөн гурван удаа цохилтод өртжээ.

Мөн дөрөвдүгээр сарын 22-нд тус хотод бороотой хамт нефтийн шатамхай бүтээгдэхүүн унасан бөгөөд хэд хэдэн хорооллын оршин суугчдад гадаа гарахгүй, цонхоо нээхгүй байхыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: DW