"38 North" сайтад өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн нэгэн тайланд Хойд Солонгосын химийн зэвсэг боловсруулах хөтөлбөрийн талаар шинэ дэлгэрэнгүй мэдээллүүдийг танилцуулжээ.
Уг баримт бичиг нь Лондонд төвтэй Хатан хааны Нэгдсэн зэвсэгт хүчний судалгааны институт (Royal United Services Institute)-ийн тэргүүлдэг “Project Anthracite” нэртэй санаачилгын хүрээнд хийгдсэн бөгөөд 30,000 гаруй патент, шинжлэх ухааны өгүүлэлд хийсэн задлан шинжилгээнд тулгуурласан байна.
Энэхүү төслийн зорилго нь нээлттэй эх сурвалжуудыг ашиглан, Хойд Солонгосын химийн зэвсгийн чадавхыг “сүлжээний зураглал”-аар тодорхойлох явдал байжээ.
Химийн зэвсэг үйлдвэрлэх боломжит дэд бүтэц
Тайланд дурдсанаар, Хойд Солонгосын аж үйлдвэрийн байгууллагууд, их, дээд сургуулиуд болон төрийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгүүд химийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, түүхий эдийн хүртээмжтэй байж болзошгүй аж.
Гэхдээ уг баримт бичиг нь өөрөө Пёньян химийн зэвсэг үйлдвэрлэж байгаа бодит нотолгоо биш болохыг онцолсон байна. Одоо байгаа мэдээллийг нэмээд, Хойд Солонгос ийм зэвсэг хийх боломжтой эсэхийг харуулж, анхаарах ёстой зүйлсийг зааж өгсөн” гэжээ.
Тайлангийн зохиогчдын дүгнэснээр, хамгийн чухал нь нэг тодорхой “няцаашгүй нотолгоо” биш, харин олон жижиг шинж тэмдгүүд нийлээд аж үйлдвэрийн түвшний чадавх бүрдсэн байж болзошгүйг харуулж байгаа явдал аж.
VX хэрэглэсэн хэрэг ба мэргэжилтнүүдийн байр суурь
Хойд Солонгос химийн зэвсэг үйлдвэрлэх чадвартай, өмнө нь хэрэглэж байсан нь 2017 оны хэрэг явдлаар тодорхой болсон гэж судлаачид үздэг. Тухайн үед Малайзын Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд Ким Жон Нам амь насаа алдсан бөгөөд түүнийг VX төрлийн мэдрэлийн хий ашиглан хөнөөсөн гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байдаг.
АНУ-ын Жоржиа Технологийн Институтын профессор, зэвсгийн мэргэжилтэн Маргарет Козалын хэлснээр, Хойд Солонгосын химийн зэвсгийн хөтөлбөр бусад орнуудтай харьцуулахад харьцангуй нууцлаг бөгөөд мэдээлэл хомс байдаг аж.
Түүний үзэж буйгаар тус улс:
- их хэмжээний иприт (гичийн хий),
- зарин зэрэг мэдрэлийн системд нөлөөлөх бодис,
- мөн VX зэрэг бодисуудыг үйлдвэрлэх чадвартай байх магадлалтай юм байна.
“Хязгаарлалтын зэвсэг” байж болзошгүй
Эрдэмтдийн үзэж буйгаар, химийн зэвсэг нь анхандаа Хойд Солонгосын хувьд цөмийн зэвсэг бүрэн хөгжихөөс өмнөх “сөрөн зогсох хэрэгсэл” байсан байж болзошгүй аж.
Пёньян өнөөдөр ч энэ төрлийн зэвсэгт хөрөнгө оруулсаар байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж тайлбарлажээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын цэргийн хүчийг сөрөх, хил орчмын бүсийг хянах, дайны үед иргэний төвүүдэд нөлөөлөх зорилготой байж магадгүй гэж үзэж буй юм байна.
Зарим шинжээчдийн тооцоогоор, Хойд Солонгосын химийн зэвсгийн нөөц 2,500-5,000 тонн хүрч болзошгүй аж.
“Айдас дээр суурилсан тогтолцоо”
АНУ-ын Трой их сургуулийн профессор Дэн Пинкстоны хэлснээр, Пёньяны удирдлага амьд үлдэхийн тулд аливаа төрлийн үй олноор хөнөөх зэвсэг ашиглахад бэлэн байж магадгүй ажээ.
Түүний тайлбарласнаар, Хойд Солонгосын удирдлагын тогтолцоо гүнзгий айдас, үл итгэлцэл дээр суурилдаг бөгөөд химийн зэвсгийг “дэлхийн тэнцвэрийг өөрчлөх хэрэгсэл” гэж үздэг байж болох талтай юм байна.
Тэрбээр хэрэв мөргөлдөөн хурцадвал Пёньян цөмийн зэвсгээс өмнө химийн зэвсэг ашиглаж болзошгүй гэж таамаглажээ.
Мэргэжилтнүүдийн болгоомжлол
Токио Олон Улсын Их Сургуулийн дэд профессор Рёо Хината Ямагүчи мөн шинэ мэдээлэлд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Түүний хэлснээр, Хойд Солонгосын химийн зэвсгийн талаархи шинэ дүгнэлтүүд өндөр албан тушаалтнуудын урвагчдын мэдүүлэг зэрэг бусад эх сурвалжуудтай давхцаж байгаа тул маш нухацтай хандах шаардлагатай аж.
Гэсэн хэдий ч тэр "Эдгээр бодис бодит байлдааны нөхцөлд хэр үр дүнтэй байх, тэдгээрийг хүргэх систем хэр найдвартай байх нь тодорхой бус хэвээр байна" гэж онцолжээ.
Эх сурвалж: DW