Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотноо зохион байгуулагдаж буй Евразийн эдийн засгийн V чуулга уулзалтад оролцох үеэрээ БНКазУ-ын Хөдөө аж ахуйн сайд, Монгол Улс, БНКазУ-ын Засгийн газар хоорондын комиссын Казахстан талын дарга Айдарбек Сапаровтой албан ёсоор уулзав.
Уулзалтаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНКазУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд БНКазУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 бичиг баримтад гарын үсэг зурсныг ажил хэрэг болгож, үр дүнд хүрэх тухай санал солилцжээ.
Энэ хүрээнд хоёр орны худалдааны эргэлтийн 13 хувийн өсөлтийг нэмэх олон боломжийг ажил хэрэг болгож, хөдөө аж ахуй, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Тухайлбал, Казахстаны Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаров үр тариа, ургамлын тос зэргийг экспортлох боломжтой бөгөөд Монгол Улсын ноос, ноолуурын арвин туршлагыг нэвтрүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой байна гэжээ.
Засгийн газрын ХМОНХГ-ын мэдээлснээр, Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНКазУ-ын Засгийн газар хоорондын комиссыг ахалж буйн хувьд комиссын үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд анхаарахаа тодотголоо. Эдийн засгийн тусгай бүсээр дамжуулан хөрөнгө оруулагчдыг татах, үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байна гэв. Тухайлбал,
Эдийн засгийн тусгай бүсэд газрын эрх, татварын хөнгөлөлтөөр малын гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдүүлж буйгаа онцолсон байна.
Мөн тэрбээр Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн сайд Арман Шаккалиевтай уулзаж, хоёр орны худалдааны эргэлт 50 сая орчим ам.доллар байгаа нь хангалтгүй учир нөөц боломжид тулгуурлан эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.
Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Эдийн засгийн тусгай бүс болгон өөрчлөх талаар санал солилцож, тус бүсэд Казахстаны үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжихээ илэрхийлсэн байна. Мөн тээвэр логистикийн оновчтой төлөвлөлт хийж, Евразийн бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох боломжийн талаар онцолжээ.
БНКазУ-ын Худалдаа, интеграцийн сайд Арман Шаккалиев Монгол Улстай хөдөө аж ахуй, мал аж ахуй, ашигт малтмал боловсруулалтын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж, хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн чиглэлээр харилцан санал солилцсон байна.
Талууд Монгол Улс, БНКазУ-ын түүх соёл, өв уламжлалын хэлхээ холбоотой, найрсаг уламжлалт харилцаа шат ахиж “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллана гэжээ.

Казахстаны Астана хотноо зохион байгуулж буй Евразийн эдийн засгийн V чуулга уулзалтад Шадар сайд Н.Номтойбаяр оролцож, үг хэлсэн байна.
Энэ удаагийн чуулга уулзалтыг “Дэлхийн цахим өрсөлдөөн дэх Евразийн эдийн засгийн холбоо: Хиймэл оюунд тэргүүлэх ач холбогдол олгох нь” сэдвээр зохион байгуулж байна. Уулзалтад Казахстан, ОХУ, Армени, Киргиз, Беларусь, Куба, Вьетнам Улсын төрийн тэргүүн нар оролцож буй аж.
Манай улс “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг 2025 онд байгуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталсан.
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2026 оныг Цахим шилжилт ба хиймэл оюуны жил болгон зарлаж, энэ үйл явц амжилттай өрнөж байгаад баяр хүргэжээ.
Тэрбээр дэлхий ертөнц хиймэл оюун, их өгөгдөл, дижитал хөгжил хэмээх их өөрчлөлтийн эринд шилжиж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулан судалгаа, хөгжүүлэлтэд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих зайлшгүй шаардлагатай учраас эдийн засгийг мэдээллийн технологи, хиймэл оюунд суурилсан бүтэц рүү шилжүүлж, Монгол Улсыг Төв Азийн бүс нутаг дахь дижитал төв болгон хөгжүүлэх зорилтыг Засгийн газраас дэвшүүлж буйг онцолсон байна.
Түүнчлэн Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан хэлэлцээрээр дамжуулан гадаад худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын зах зээлийг тэлэх, олон улсын интеграцид идэвхтэй оролцохыг зорьж байгаагаа илэрхийлжээ.
Шадар сайд Н.Номтойбаяр "Хэлэлцээрийн дүнд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд болон Монгол Улсын хооронд он удаан жилийн турш ярьж ирсэн тарифын болон тарифын бус саад тотгор багасаж, илүү өргөн нэр төрлийн барааг тарифаас чөлөөлөх боломжтой болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн тодотгосон байна.