Өмнөд Калифорни дахь Аркадиа хотын дарга асан Айлин Ван баасан гарагт Хятадын засгийн газрын хууль бус төлөөлөгчөөр ажилласан хэрэгт буруутайгаа хүлээн зөвшөөрөв.

Тэрбээр энэ сарын эхээр хотын даргын албан тушаалаасаа огцорч, дөрөвдүгээр сард АНУ-ын нутаг дэвсгэрт гадаад улсын хууль бус төлөөлөгчөөр ажилласан гэх үндэслэлээр яллагдагчаар татагджээ.

Ван Хятадын албан тушаалтнуудын заавар, ашиг сонирхлын дагуу ажиллаж, Бээжинг дэмжсэн агуулга бүхий нийтлэлүүдийг түгээсэн хэрнээ АНУ-ын хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдээгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Өдгөө  56 настай Ван 2022 оны арваннэгдүгээр сард таван гишүүнтэй хотын зөвлөлд сонгогдож байжээ. Тус зөвлөлөөс хотын даргыг ээлжлэн томилдог журамтай аж. Холбооны прокуроруудын мэдээлснээр, түүний хууль бус үйл ажиллагаа 2020 оны сүүлээс 2022 он хүртэл үргэлжилсэн байна.

Аркадиа хотын захиргаа болон түүний өмгөөлөгчид уг үйлдлүүд албан тушаалд томилогдохоос өмнө дууссан гэж мэдэгджээ.

Аркадиа хот Лос Анжелес хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 21 км зайд оршдог, 53 мянга орчим хүн амтай. Хүн амын дийлэнх хувийг ази гаралтай иргэд эзэлдэг бөгөөд хятад үндэстний оршин суугчдын тоо харьцангуй өндөр байдаг аж.

Ван Лос Анжелес хотын холбооны шүүхэд ирж буруугаа хүлээсэн байна. Шүүх хурлын үеэр холбооны шүүгч Уэсли Сюй түүнээс эрх болон гэм буруугаа хүлээсний үр дагаврыг бүрэн ойлгож байгаа эсэхийг лавлажээ. Хятад хэлний орчуулагч байсан ч Ван орчуулгын тусламж шаардлагагүй гэж мэдэгдсэн байна.

Шүүхээс түүнийг 25 мянган ам.долларын барьцаатайгаар суллаж, ирэх аравдугаар сарын 6-нд ял оноохоор товложээ. Тэрбээр хамгийн ихдээ 10 жилийн хорих ял болон гурван жилийн хяналттай суллагдах хугацаатай нүүр тулж буй аж.

Хятадын суртал ухуулгыг түгээсэн хэрэг

Хэргийг шийдвэрлэх хэлэлцээрийн дагуу Ван болон тухайн үеийн сүйт залуу Яо-нин Сүн нар БНХАУ-ын төрийн албан тушаалтнуудын ашиг сонирхлын төлөө ажиллаж, “US News Center” цахим хуудсаар дамжуулан Хятадын суртал ухуулгын агуулгыг түгээж байжээ.

Сүн өнгөрсөн оны аравдугаар сард мөн адил хэрэгт буруугаа хүлээн зөвшөөрч, дөрвөн жилийн хорих ял сонссон байна. Тэрбээр Вангийн 2022 оны сонгуулийн кампанит ажлын санхүүгийн менежерээр бүртгэгдэж байжээ.

2021 оны зургадугаар сард Хятадын нэгэн албан тушаалтан Ванд "Los Angeles Times" сонинд нийтлэгдсэн захидлын холбоосыг илгээсэн байна. Уг захидлыг Лос Анжелес дахь БНХАУ-ын Ерөнхий консул бичсэн бөгөөд Хятадын Шиньжян бүс дэх уйгур үндэстнүүдийн хавчлага, албадан хөдөлмөр, хүний эрхийн зөрчлийн талаарх мэдээллийг няцаасан агуулгатай байжээ.

Түүнд “Шиньжянд ямар ч геноцид болоогүй, хөвөнгийн талбай болон бусад салбарт албадан хөдөлмөр эрхлүүлээгүй” гэж дурдсан байсан бөгөөд Ван уг холбоосыг хүлээн авснаас хэдхэн минутын дараа өөрийн цахим хуудаст нийтэлсэн байна.

АНУ болон бусад хэд хэдэн улс Хятадын эрх баригчдын уйгурчуудын эсрэг явуулж буй бодлогыг геноцид болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үздэг.

“Буруу хүнд итгэсэн”

Вангийн өмгөөлөгчдийн мэдээлснээр, тухайн үед тэрбээр Сүнтэй сүй тавьсан байсан бөгөөд тэдний харилцаа 2024 оны хавар дуусжээ.

Түүнийг албан тушаалаасаа огцорсны дараа өмгөөлөгчид нь гаргасан мэдэгдэлдээ "Ван буруу хүнд итгэж, хайр сэтгэлээ зориулснаас болж төөрөгдсөн” хэмээн тайлбарласан байна.

Аркадиа хотын оршин суугчид болон зарим улс төрчид Ванг Холбооны мөрдөх товчоо (Federal Bureau of Investigation) Сүнгийн хэрэгтэй холбогдуулан шалгаж эхэлсэн үеэс нь огцруулах ёстой байсан гэж үздэг аж.

Гэсэн ч хотын түр орлон гүйцэтгэгч дарга Пол Чэн “Хотын дүрэмд зөвхөн гэмт хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд зөвлөлийн гишүүнийг албан тушаалаас нь чөлөөлөх эрх бий. Тухайн үед Ван ял аваагүй байсан учир бидний боломж хязгаарлагдмал байсан” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр мөн “Холбооны түвшний мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байхад улс төрийн асуудал болгох нь мөрдөн шалгалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” гэж онцолсон байна.

Эх сурвалж: CNN