Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос улс Киев хот руу дахин өргөн хүрээтэй цохилт хийхээр бэлтгэж байгаа талаар анхааруулав.

Тэрбээр тавдугаар сарын 29-ний баасан гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Орос улс дахин нэг удаагийн томоохон хэмжээний цохилт хийхээр бэлтгэж байгаа тухай тагнуулын мэдээлэл бидэнд бий” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн иргэдэд агаарын довтолгооны сэрэмжлүүлгийн дохиог анхааралтай дагаж, амь нас, аюулгүй байдлаа хамгаалах шаардлагатай бүх арга хэмжээг авахыг зөвлөжээ.

Шинэ халдлагын аюул нүүрлэж буйтай холбоотойгоор Зеленский барууны холбоотон орнуудад дахин хандан, Украинд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем, ялангуяа баллистик пуужингаас хамгаалах хүчин чадлыг яаралтай нийлүүлэхийг уриалсан байна.

Сүүлийн өдрүүдийн довтолгоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын арми Украин даяар, тэр дундаа нийслэл Киев хотод дрон болон пуужингийн томоохон цохилтууд өч буй. Эдгээр халдлагад цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх боломжтой хэт авианы хурдтай "Орешник" пуужин хүртэл ашигласан гэж мэдээлжээ.

Түүнчлэн тавдугаар сарын 25-нд ОХУ-ын Гадаад хэргийн яам Киев хотод “системтэй цохилт” өгөх бодолтой байгаагаа мэдэгдэж, гадаадын иргэд болон дипломат ажилтнуудад Украины нийслэлийг орхихыг зөвлөсөн байна. Энэхүү мэдэгдлийг Олон улсын хамтын нийгэмлэг шүүмжилжээ.

Зеленскийгийн үзэж буйгаар, Оросын хэрэгжүүлж буй өргөн хүрээний сүйтгэлд тулгуурласан тактик нь Москва мөргөлдөөнийг улс төр, дипломат аргаар бус, цэргийн хүчээр шийдвэрлэх байр сууриа хэвээр хадгалж байгааг харуулж буй аж.

Австрийн канцлертай хийсэн хэлэлцээ

Зеленский тавдугаар сарын 29-нд мөн Австрийн Холбооны канцлер Кристиан Штокертэй утсаар ярьжээ. Ярианы үеэр Оросын болзошгүй шинэ халдлагаас гадна Украины Европын Холбоонд нэгдэх үйл явцын талаар хэлэлцсэн байна.

Зеленский өөрийн Telegram хуудастаа “Европын Холбоонд элсэх хэлэлцээний эхний бүлгийг зургадугаар сард нээнэ гэж бид найдаж байна” хэмээн бичжээ.

Харин Австрийн Засгийн газрын хэвлэлийн алба Австри улс хэлэлцээний эхний бүлгийг нээхийг дэмжиж байгаа ч энэ нь тодорхой үр дүнд суурилсан шалгуурын хүрээнд хэрэгжих ёстойг онцолсон байна. Мөн “Европын Холбоонд элсэх товч бөгөөд хялбар зам гэж үгүй” хэмээн мэдэгджээ.

Европын холбоонд элсэх үйл явц

Тус холбоонд элсэх хэлэлцээ нь нийт зургаан үндсэн сэдэвчилсэн бүлэгт хуваагддаг, эдгээр нь нийт 32 салбар, бүлгийг хамардаг байна. Уг бүлгүүдийг нээх болон хаах шийдвэрийг зөвхөн ЕХ-ны бүх гишүүн орнуудын санал нэгтэй шийдвэрээр баталгаажуулдаг аж.

Эх сурвалж: DW