“Система” төслийн мөрдөн шалгах нийтлэлд дурдсанаар, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон олимпын аварга Алина Кабаева нарын гэх хүүхдүүдэд барууны орнуудаас ирсэн асрагч багш нар гадаад хэл заадаг байна. 2017-2026 оны хооронд Их Британи, Шинэ Зеланд, Герман, Австри, Ирланд зэрэг улсаас ирсэн нийт 20 орчим мэргэжилтэн Путин, Кабаева нарын гэр бүлд ажиллажээ.
Мөрдөн шалгагчдын мэдээлснээр, зөвхөн 2026 оны нэгдүгээр сард гэхэд л тэдгээр хүүхдүүдийг асарч, сургаж байсан гурван асрагч багшид дор хаяж 3.5 сая рублийн цалин олгосон байна.
Гадаад мэргэжилтнүүдийг ажилд авах ажлыг Алина Кабаевагийн үеэлүүд болох Олеся Федина, Екатерина Головачева нар хариуцдаг байсан гэж “Система” мэдээлжээ. Албан ёсны баримт бичгүүдэд багш нарыг “Согаз” олон улсын эмнэлгийн мэргэжил дээшлүүлэх хүрээлэнгийн “ахлах орчуулагч” хэмээн бүртгэж, ингэснээр ОХУ-д өндөр мэргэшсэн ажилтны ангиллаар виз, ажиллах зөвшөөрөл авах боломж бүрдүүлсэн байна.
Баримт бичгүүдэд Путин, Кабаева нарын нэр дурдаагүй бөгөөд хүүхдүүдийг зөвхөн “асран хамгаалагчийн хүүхдүүд” гэж тэмдэглэжээ. Гэсэн ч 2019 оны нэгэн баримтад “Иван Федин” гэх нэр гарсан нь анхаарал татсан аж. Харин Олеся Фединагийн төрсөн хүү өөр нэртэй байдаг гэж нийтлэлд дурджээ.
Үүнээс өмнө “Проект” хэвлэл болон “Досье” төвөөс Путин, Кабаева нарын хөвгүүдийг Иван (2015 онд төрсөн) болон Владимир (2019 онд төрсөн) хэмээн нэрлэсэн мөрдөн шалгах нийтлэлүүдийг нийтэлж байсан аж.
Мөн асрагч багш нарт хүүхдүүдэд улс төр, шашин, үзэл суртлын үзэл бодлоо тулгахыг хориглож, бэлгийн боловсрол болон ЛГБТК+ сэдвийг хөндөхгүй байх шаардлага тавьжээ. Багш нар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Валдай дахь ордонд хүүхдүүдтэй хамт амьдардаг байсан бөгөөд эрүүл мэнддээ тогтмол хяналт тавьж, үзлэгт хамрагдах үүрэгтэй байвсан аж.
“Система”-гийн мэдээлснээр, Олеся Федина 2019 онд асрагч багш нарт “Иван дөрвөн нас хүрэхдээ англи хэлний орчинд бүрэн ууссан байх ёстой, түүний англи хэл боловсролтой европ хүнийх шиг сонсогдох хэрэгтэй” гэж хэлж байжээ. Үүнтэй ижил шаардлагыг герман хэлний сургалт дээр ч тавьсан байна.
Нийтлэлд нэр дурдагдсан ихэнх багш “Система”-гийн асуултад хариулаагүй аж. Мөн Екатерина Головачева, Олеся Федина, Алина Кабаевагийн төлөөлөгч болон Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нар ч энэ талаар тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: DW