АНУ болон Ираны хэлэлцээчид дайныг зохицуулах хүрээний хэлэлцээрийн урьдчилсан тохиролцоонд хүрсэн боловч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп одоогийн байдлаар уг хэлэлцээрийг батлаагүй байгаа талаар Axios мэдээллийн портал Америкийн хоёр албан тушаалтаны мэдээлэлд үндэслэн пүрэв гарагт (тавдугаар сарын 28) мэдээлжээ.
Америкийн эх сурвалжууд уг мэдээллийн агуулгыг баталсан байна. Харин Ираны тал одоогийн байдлаар ямар нэг тохиролцоо хийгдсэн эсэхийг албан ёсоор батлаагүй байгаа аж. Ерөнхийлөгч Трамп шийдвэрээ хэзээ гаргах нь тодорхойгүй, түүний саналыг хүлээн авах эсэх асуудал нээлттэй хэвээр байгааг нэгэн эх сурвалж онцолжээ.
АНУ ба Ираны урьдчилсан хэлэлцээрийн агуулга
Axios-ийн мэдээлснээр, 60 хоногийн хугацаатай уг хүрээний хэлэлцээр нь гал зогсоох хугацааг сунгах болон Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээг эхлүүлэх нөхцөлийг тусгасан байна. Мөн
- Ормузын хоолойгоор хөлөг онгоцууд чөлөөтэй, татваргүй нэвтрэх
- АНУ Ираны боомтуудын далайн бүслэлтийг цуцлах
- Ираны тал 30 хоногийн дотор хоолойд тэсрэх бөмбөгийн цэвэрлэгээ хийх зэрэг заалтууд багтжээ.
АНУ мөн Иранд нефть худалдах боломж олгох зарим хоригийн хөнгөлөлт үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд хэлэлцээний явцад хориг цуцлах, царцаасан Ираны хөрөнгийг суллах, мөн Ираны өндөр баяжуулсан ураныг зохистой байдлаар зайлуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн уг хүрээний хэлэлцээрт Израиль болон Ливаны зэвсэгт “Хезболла” бүлэглэлийн хоорондох дайныг зогсоох тухай заалт ч багтсан байна.
Axios-ийн мэдээлснээр, тавдугаар сарын 26-ны байдлаар хэлэлцээрийн нөхцлүүдийг үндсэндээ тохиролцсон байсан ч хоёр талын улс төрийн удирдлагаас эцсийн зөвшөөрөл авах шаардлагатай хэвээр байжээ.
Ираны цөмийн хөтөлбөр – гол асуудал
Axios "60 хоногийн гал зогсоох хугацаанд хэлэлцэх хамгийн эхний асуудлуудын нэг нь Ираны эзэмшиж буй өндөр баяжуулсан ураны хувь заяа байх болно" гэж онцолжээ.
Олон улсын атомын энергийн агентлагаас мэдээлснээр, Иран 60 хувьд хүртэл баяжуулсан 440.9 кг уран эзэмшиж байгаа бөгөөд энэ нь зэвсгийн түвшин болох 90 хувьд хүрэх техникийн хувьд богино алхам гэж үздэг байна.
Иран энэ нөөцөө ашиглахгүй, эсвэл бусад талд шилжүүлэх талаар албан ёсоор амлалт өгөөгүй, уг уран нь Америкийн агаарын цохилтод ихээхэн гэмтсэн гурван цөмийн байгууламжид хадгалагдаж буй хэмээн таамаглаж байгаа аж.
Цөмийн шинжээчдийн үзэж буйгаар, Иран баяжуулсан уранаа Хятад, эсвэл Оросыг гуравдагч тал болгон хадгалуулах хувилбарыг авч үзэж магадгүй ч Дональд Трамп тавдугаар сарын 27-нд ийм хувилбарт “сэтгэл хангалуун бус байх болно” гэж мэдэгджээ.
АНУ ба Ираны "эмзэг" гал зогсоолт
Axios-ийн мэдээлснээр, дээрх урьдчилсан тохиролцоо нь дөрөвдүгээр сарын 8-наас хойш үргэлжилж буй "эмзэг" гал зогсоолт байнга зөрчигдөж буй нөхцөлд хийгдсэн байна.
Тавдугаар сарын 28-ны өглөө Кувейт улс Иранаас харвасан пуужинг таслан зогсоож, үүнийг “илт түрэмгийлэл” хэмээн буруутгажээ. АНУ-ын Төв командлал мөн уг халдлагыг Персийн булан дахь Вашингтоны гол холбоотны эсрэг хийсэн “гал зогсоолтын ноцтой зөрчил” гэж дүгнэсэн байна.
Үүнээс өмнө, тавдугаар сарын 27-нд АНУ-ын цэргийн хүч Ормузын хоолой орчимд Ираны дөрвөн нисэгчгүй нисэх төхөөрөмжийг устгаж, мөн Бендер-Аббас дахь Ираны командын төвд цохилт өгсөн байна. Харин тавдугаар сарын 25-нд АНУ өөрийгөө хамгаалах ажиллагааны хүрээнд "Ираны пуужингийн байрлал болон тэсрэх бөмбөг тээвэрлэгч завинуудад цохилт өгсөн" гэж мэдэгджээ.
Вашингтон болон Тегеран талууд бие биенээ хэд хэдэн удаа гал зогсоолтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа ч бүрэн хэмжээний дайн дахин эхлээгүй байгаа юм. Мөргөлдөөн эхэлснээс хойш Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлтийн урсгал бараг зогссон нь дэлхийн зах зээлд нефть, байгалийн хийн үнийг огцом өсгөсөн байна.
Эх сурвалж: DW