ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу сэтгүүлчдэд "Украины талд Оросын эсрэг бодит байдал дээр нийт 56 улс байлдаж байна" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, эдгээр улсууд нисэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн нислэгийн даалгавар, чиглүүлгийн мэдээллээр хангаж байгаа аж.
Түүний хэлснээр, орчин үеийн холын тусгалтай дроныг удирдлагын системгүйгээр төсөөлөх боломжгүй бөгөөд мөн хиймэл дагуулын орчин үеийн системүүдгүйгээр мэдээлэл дамжуулах боломжгүй аж. Тэрбээр "Иймээс энэ үйл явцад зайлшгүй хиймэл дагуулын системүүд оролцдог" гэж онцолсон байна.
Шойгу мөн нислэгийн даалгавар урьдчилан оруулах, нислэгийн явцад чиглүүлэг засварлагдах зэрэг олон үе шаттай ажиллагаа шаардлагатайг дурджээ. Тэр "Иймээс зөвхөн Герман улс бус, олон улс орон энэ үйл явцад ямар нэг байдлаар оролцож байна" гэж дүгнэсэн байна.
"Киевт хэзээ ч цохилт өгч болзошгүй"

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын форумын үеэр "Киевт хэзээ ч цохилт өгч болзошгүй" гэж мэдэгджээ. Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Оросын тал энэ талаар урьдчилан анхааруулсан, нөхцөл байдлаас шалтгаалан хариу арга хэмжээ авахад бэлэн болохыг онцолсон байна.
Мөн Шойгу Армен дахь Оросын цэргийн баазыг татан буулгах ямар ч нөхцөл одоогоор бүрдээгүй, тус бааз үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа талаар тэмдэглэжээ. Түүний хэлснээр, уг баазыг тэнд байлгахгүй байх аюул, шалтгаан одоогоор харагдахгүй байгаа аж.
ТАСС агентлаг Шойгугийн мэдэгдлүүдийг дараах байдлаар нэгтгэснийг хүргэж байна.
Арментай хамтын ажиллагаа
Шойгугийн хэлснээр, Армен дахь Оросын цэргийн баазыг татан буулгах ямар ч нөхцөл үүсээгүй байна. Тэрбээр бааз хэвийн ажиллаж буй бөгөөд түүнийг татан буулгах шаардлага, аюул занал одоогоор байхгүй гэж мэдэгджээ.
Мөн Армен, АНУ-ын стратегийн түншлэлийн гэрээг тэрбээр “сонгуулийн кампанит ажилд дэмжлэг үзүүлэх шинжтэй алхам” хэмээн үнэлсэн байна.
Киевт цохилт өгөх тухай
Шойгу "Гадаад улсын Элчин сайд нарт Киевийг орхих талаар урьдчилан анхааруулсан нь бүрэн ухамсартай, нухацтай шийдвэр байсан" гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, Орос улс тодорхой үйлдлүүдийн талаар урьдчилан анхааруулдаг бөгөөд энэ удаагийн анхааруулгыг ч мөн адил хариуцлагатайгаар хийсэн байна.
Тэрбээр мөн Орос улс Киевт өгөх цохилтын хүчийг харуулсан, шаардлагатай бүх боломжийг эзэмшиж байгааг онцолжээ. Түүний хэлснээр, Оросын цэргийн нөөц хангалттай бөгөөд огт дутаагүй аж.
Шойгу мөн Киев рүү чиглэсэн цохилтыг ямар ч мөчид өгч болзошгүй бөгөөд нөхцөл байдлаас хамааран хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг дахин сануулсан байна. Тэрбээр "Оросын тал цэргүүдийн амь насанд хүрсэн гэж үзсэн аливаа үйлдэлд зохих хариу өгнө" гэж мэдэгджээ.
Мөн тэр Украинд шинээр бий болж буй зэвсэг, сум үйлдвэрлэлийн объектуудыг Оросын зэвсэгт хүчин байнга онилж байгааг онцолсон байна.
“Тусгай цэргийн ажиллагаа”-ны шалтгаан
Шойгугийн хэлснээр, Донбасст болсон үйл явдлын бодит байдлыг барууны орнууд удаан хугацаанд үл тоомсорлосон нь Оросын “тусгай цэргийн ажиллагаа”-ны гол шалтгаан болсон байна. Тэрбээр энэ нь зөвхөн нэг үйл ажиллагаа бус, цаашдын бүх хариу арга хэмжээний үндэс болсон гэж тайлбарлажээ.
Оросын цэргийн чадавх
Шойгугийн үзэж буйгаар, дэлхийд Оросын армитай дүйцэхүйц түвшний бэлтгэл, зэвсэглэлтэй өөр арми байхгүй аж. Түүний хэлснээр, орчин үеийн байлдааны нөхцөл өөрчлөгдөж, Оросын хуримтлуулсан туршлага олон улсын анхаарлыг татаж байгаа юм байна.
Олон улсын үүрэг ба хамтын ажиллагаа
Шойгу Орос улс үр тариа, бордоо болон эрчим хүчний нийлүүлэлтийн үүргээ тасралтгүй биелүүлж байгааг онцолжээ. Мөн Африкийн орнууд Оростой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол нэмэгдэж буй талаар дурдсан байна.
Олон улсын аюулгүй байдлын асуудлууд
Шойгу Сирид хоригдож байсан “Исламын улс” бүлэглэлийн гишүүдийг сулласан асуудлыг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай хэлэлцсэн талаар мэдээлжээ.
Японы милитаризаци
Тэрбээр Япон улсын цэрэгжилт улам гүнзгийрч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Шойгу "Япон улс өмнө хүлээсэн олон улсын үүрэг, тухайлбал бууж өгсөн гэрээний заалтуудаасаа ухарч байна" гэж үзэж буйгаа хэлжээ.