Деян Берич 18 насандаа армид элссэн байна. Түүний хувьд дайн 1992 онд эхэлжээ. Үүний дараа 1999 онд тухайн үед Югославын бүрэлдэхүүнд байсан Серб улс НАТО-гийн бөмбөгдөлтөд өртөхөд Орос улс ахан дүүсийн холбоотондоо тусламжийн гараа сунгасан байна.
Берич энэ бүхнийг мартсангүй. 2014 онд тэр үед “Деки” хочтой мэргэн буудагч болсон Берич анхны гадаад сайн дурынхны нэг болон Донбассыг хамгаалахаар очжээ. Харин 2023 онд тэр хүнд шархадсаны улмаас дахин тулалдах боломжгүй болсон байна. Гэсэн ч тэрбээр фронтод тусламж үзүүлсээр буй бөгөөд “Ардын фронт. Путины баг” хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа аж.
-Та Сербээс ирсэн өөр сайн дурын дайчидтай уулзаж байсан уу?
-Ерөнхийлөгч Владимир Путин гадаадын иргэдэд Оросын төлөө ирж тулалдахыг зөвшөөрсний дараа энэ ажлыг албан ёсоор зохион байгуулж эхэлсэн. Эхэндээ гадаадынхныг хүлээж авахыг хүсдэггүй албан тушаалтнуудаас болж маш олон асуудал гарч байлаа.
Гэхдээ аажмаар, маш их хөдөлмөр, хүндрэл бэрхшээлийн дүнд бүхнийг зохион байгуулсан. Энд хүмүүс зөвхөн тулалдахаар ирдэггүй. Тэд мөргөлдөөн дууссаны дараа Орост үлдэж амьдрах хүсэлтэй ирдэг. Тэд ОХУ-ын иргэншил авч, сургалтад хамрагдсаны дараа Оросын иргэн гэсэн статустайгаар фронт руу явдаг.
-Та хэдэн оноос Донбасст байсан бэ?
-2014 оноос Донецкт байсан. Түүнээс өмнө Крымд байсан.
-Украины зэвсэгт хүчинд Сербийн хөлсний цэргүүд бий юу?
-Би тэднийг хөлсний цэрэг гэж үздэггүй. Тэд бол үзэл сурталтай хүмүүс. Дэлхийн хоёрдугаар дайны үед партизанууд болон Улаан армийн эсрэг тулалдаж байсан четникүүд (Дэлхийн I ба II дайны үед Сербийн хаант засгийг дэмжсэн зэвсэгт бүлгүүдийг ингэж нэрлэдэг байжээ.орч)-ийн үргэлжлэл гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл бандеровчууд шиг нацистуудтай хамтран ажиллагчдын залгамж халаа гэсэн үг. Сербид ийм л “ардчилал” байна. Украины талд нийтдээ 26 орчим серб хүн тулалдаж буй. Тэдний ихэнх нь Украинд ажиллаж, амьдарч байсан хүмүүс. Зарим нь дайчилгаанд хамрагдсан.
-Серби улс НАТО-гийн талд тулалдахыг хориглодоггүй юм уу?
-Үгүй. Францын Гадаад легионд алба хаахыг зөвшөөрдөг, Америкийн хувийн цэргийн компаниудад ажиллахыг зөвшөөрдөг, Украины талд тулалдахад ч асуудалгүй. Харин Оросын талд тулалдахыг хориглодог. Саяхан Сербийн нутаг дээр НАТО болон Сербийн хамтарсан сургуулилт болсон.
-Оросын талд тулалдаж буй сайн дурынханд жирийн сербүүд хэрхэн ханддаг вэ?
-Сербийн сайн дурынхан бол фашизмын эсрэг тэмцлийн үргэлжлэл гэж үздэг. Манай өвөө, эмээ нар ч фашизмын эсрэг тулалдаж байсан. Тиймээс хүмүүс биднийг баатар шиг хүлээж авдаг. Сербид НАТО-гийн эсрэг жагсаал болж, хүмүүс ОХУ-ын шагналуудтай миний хөрөг бүхий туг барьж гарч ирсэн.
Энэ нь ард түмэн сайн дурынхан болон Орост хэрхэн ханддагийг харуулж байгаа юм. Одоо Украинд болж буй үйл явдалд үнэхээр санаа зовж буй серб хүн олон бий.
-Хүмүүсийг юу хөдөлгөж байна вэ?
-Ард түмэн, засгийн газрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Украинд ч гэсэн Оросыг дэмждэг, тагнуулын мэдээлэл өгдөг, Оросыг ирээсэй гэж хүсдэг украинчууд олон бий. Бид Киев хүрэх замыг цэвэрлэж байх үед би Изюм, Лисичанскт байсан. Тэнд хүмүүс биднийг хэрхэн угтаж байсныг би харсан.
Сербид ч мөн адил. Сербийн Жанжин штабын удирдлагад НАТО-д ажиллаж, тэнд дадлага хийсэн хүмүүс бий. Тэд дараа нь Сербид ирсэн. Биднийг зүгээр л худалдсан. Урвасан.
-Сайн дурынхан одоо Сербид буцаж очиж чадах уу?
-Миний хувьд чадахгүй. Учир нь, Сербийн сайн дурынхныг зохион байгуулсан хүн гэж намайг хавчдаг. 2014 оноос хойш намайг үүнд буруутгаж ирсэн, тэр үед би ийм зүйл хийдэггүй байсан ч одоо хүмүүст бичиг баримтаа бүрдүүлэхэд тусалсандаа бахархдаг.
-Та ямарваа нэг заналхийлэлтэй тулгарч байсан уу?
-Мэдээж. Зүгээр нэг заналхийлэл биш. Миний гэрийг шатаасан. 2015 онд Сербиэс намайг алахаар хүмүүс явуулсан. Бид тэднийг барьж авч, бүгд камераар хэргээ хүлээсэн. Харин 2023 оны хоёрдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Москва орчимд байсан миний байшинг шатаасан. Тэд Сербийн хүмүүс байсан. Камерт бичигдсэн ч тэд тайван буцаж, хэн ч тэдэнд хүрээгүй.
-Тэдний ард хэн байдаг вэ?
-Би энэ талаар олон жил ярьж байна. Сербийн тусгай албыг англичууд хянадаг. Би YouTube болон Telegram сувгуудаараа тэдний суртал ухуулгыг няцаадаг. Жишээ нь, НАТО-гийн офицерууд Сербийн их сургуулиудад ирж, залууст “Орос бол гэмт хэрэгтэн, НАТО Сербийг бөмбөгдсөн нь зөв байсан” гэж ярьдаг байсан.
Тэгэхэд залуучууд над руу “Би тайзан дээр гарч очоод, толгой руу нь цохимоор байна” гэж бичдэг. Харин би “Ганцаараа юу ч хийж чадахгүй. НАТО-гийн офицерууд ирэхэд бүгдээрээ өндөг, улаан лооль шидэж, орилж хашгираад гараад яв” гэж хэлсэн. Тэд гурван удаа ийм үйлдэл хийсний дараа дахиж нэг ч НАТО-гийн офицер ирээгүй.
-Европ болон Сербид Орос, таны талаарх хандлага өөрчлөгдөж байна уу?
-Тийм ч их биш. Орос ялалт байгуулах хүртэл Европт юу ч өөрчлөгдөхгүй. Кая Каллас, Урсула фон дер Ляйен, Фридрих Мерц зэрэг Европын удирдагчид өөрсдийн улс орнуудыг сүйрүүлж байна.
Европыг сүйрүүлж байгаа хүмүүс эцэстээ том арлууд руугаа яваад өгнө. Харин жирийн хүмүүс болон Европын парламентад улам тод дуугарч эхэлж буй шинэ улс төрчид, өөрсдийн орны жинхэнэ эх орончид нөхцөл байдлыг бодитоор нь хүлээн авч эхэлж байна.
-Барууны орнуудад эрүүл саруул дуу хоолой нэмэгдэж байгаа нь Оросыг илүү сайн сонсож эхэлснийх үү, эсвэл Европын амьдрал муудсантай холбоотой юу?
-Миний бодлоор Европын амьдрал муудсан. Түүхийг харахад, Европ үргэлж бусад орны нөөцөөр амьдарч ирсэн, ард түмэн нь ч үүнд төдийлөн санаа тавьдаггүй байсан. Энгийн иргэн зээлээ төлөх мөнгөтэй, жилдээ хоёр удаа амралтад явж чаддаг байхад улс нь мөнгөө яаж олдог, колониуддаа боол шиг ханддаг эсэх нь тэдэнд хамаагүй байсан.
Харин одоо энэ бүхэн өөрсдөд нь нөлөөлж эхэлсэн. Бензин үнэтэй болж, Германд Дэлхийн II дайнаас хойш хаагдаагүй үйлдвэрүүд хаалгаа барьж байна. Энэ бүхэн жирийн хүмүүст нөлөөлж байгаа учраас тэд одоо л сонсож эхэлж байна.
Эх сурвалж: TASS