Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин "Тавдугаар сарын 28-нд шилжих шөнө Орос Украин руу “Кинжал” аэробаллистик пуужин болон 148 ширхэг цохилтын дроноор халдлага үйлдлээ" гэж мэдээлэв. Украины талаас мэдээлснээр, агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд 138 дроныг устгаж чадсан байна. Тавдугаар сарын 28-ны өглөө Оросын цохилтууд Украины хэд хэдэн бүс нутагт үргэлжилжээ.

Сум мужийн прокурорын байгууллагын мэдээлснээр, Оросын дроны цохилтын улмаас хоёр хүн амь үрэгдсэн байна. Тодруулбал, Ахтырскийн дүүргийн Великописаревскийн суурингийн орчимд замаар явж байсан хоёр энгийн иргэнийг өглөөний 08:00 цагийн үед дроноор онилж цохисны улмаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн газар дээрээ нас баржээ. Уг хэргийг дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Мөн Донецк мужийн Дружковка хотод Оросын дроны халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, гурван хувийн орон сууц эвдэрч сүйджээ. Украины Үндэсний цагдаагийн газраас мэдээлснээр, Кондратовка болон Пискуновка сууринд болсон дроны довтолгооны үеэр дахин гурван хүн шархадсан байна.

Түүнчлэн Оросын зэвсэгт хүчин Краматорск болон Славянск хотуудад цохилт өгч, орон сууцны барилгуудыг гэмтээжээ. Вадим Филашкиний мэдээлснээр, Славянск хотод олон давхар орон сууц болон спортын цогцолбор эвдэрсэн байна. Мөн Оросын тал Николаевка хотод гурван нисэх бөмбөг хаясны улмаас нэгэн орон сууцны барилга бүрэн сүйдсэн талаар Украины цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Днепропетровск мужид болсон халдлагын улмаас гурван хүн шархадсан талаар мужийн цэргийн захиргааны тэргүүн Александр Ганжа мэдэгдсэн байна. Павлоград хот болон Богдановскийн сууринд болсон цохилтын улмаас таван давхар орон сууц, хувийн байшин, лицей сургуулийн барилга гэмтжээ. Шархадсан иргэдийн нэг дунд зэргийн хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бол 69 настай эмэгтэй, 62 настай эрэгтэйд амбулаториор эмчилгээ хийхээр болсон байна.

Түүнчлэн Оросын цэргүүд Никополь, Красногригорьевск, Марганец болон Покровскийн суурингуудад цохилт өгсний улмаас орон сууц болон шатахуун түгээх станц эвдэрчээ.

Запорожье мужид болсон буудлагын улмаас 58 болон 65 настай хоёр эмэгтэй шархадсан талаар мужийн цэргийн захиргааны тэргүүн Иван Федоров мэдээлсэн аж. Түүний хэлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд Оросын арми тус бүсийн 40 сууринд цохилт өгч, дэд бүтэц болон орон сууцны барилгууд эвдэрсэнтэй холбоотой 48 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Харин Харьков мужид 62 болон 54 настай хоёр эрэгтэй шархадсан талаар мужийн захиргааны тэргүүн Олег Синегубов мэдэгджээ. Оросын халдлагын улмаас орон сууц, гараж, автомашин болон иргэний дэд бүтцийн байгууламжууд гэмтсэн байна.

Эх сурвалж: DW