НЭМЭЛТ: 23.25 ЦАГ

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт бяцхан охиныг аврах ажиллагаа үргэлжилж байна. Энэ хүрээнд 100 тоннын аварга техникүүдээр газрыг 31.5 метр орчим гүнзгий ухаж дуусжээ.

Одоо гараар хөндлөн 9 метр орчим ухаж охины байгаа газарт хүрэх юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр, дор хаяж 2-3 цагийн дараа охиныг гаргаж ирэхээр тооцоолж байгаа ажээ.

Гүн цооногт унасан бяцхан охинд хүрэхэд маш бага зай үлджээ

НЭМЭЛТ: 20.00 ЦАГ 

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн цооногийн зэргэлдээх ухаж байгаа нүхний өргөн 35 метр, урт 70 метр бөгөөд 3 дамжлагатай шатлан ухаж, нийт 32 метр орчим ухжээ.

Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г. Эрдэнэбатаар ахлуулсан 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Мөн ОБЕГ-ын Шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтаар тогтмол хангаж буй юм байна.

Хүүхэд цооногт унаснаас хойш 29:20 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 24:03 цаг болж байгаа бөгөөд маркшейдерийн мэргэжилтнүүд нарийвчилсан хэмжилт хийж, могойн нүд камер ашиглан, цооногт доргилт өгч байгаа эсэхийг тогтмол хянаж байгаа ажээ.

30 метрийн гүн нүхэнд унасан 3 настай охинд хүрэхэд 10 метр үлдээд байна

Төв аймгийн Заамар суманд гурван настай хүүхэд 30 метрийн гүн ухсан цооногт унажээ. Хүүхдийг аврахаар Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа аж.

Хүүхэд унасан тухай дуудлага мэдээлэл өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны 14.00 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Унасан нүхний амсрын диаметр нь том хүн орох боломжгүй жижиг учраас, аврах ажиллагааг түргэсгэх үүднээс цооногийн хажуугаас ухаж эхэлсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, 3 настай охинд хүрэхэд 10 метр үлдээд байгаа ажээ.