“Ойн салбар ба Ногоон санхүүжилт” зөвлөлдөх уулзалт Монголбанкны хурлын танхимд болж байна. Энэхүү уулзалтыг Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэй STREAM+ төсөл, “Тэрбум мод сан”-тай хамтран зохион байгуулж, төр-хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ойн салбарын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн хүртээмжийг өргөжүүлж, бодит шийдэл, гарц эрэлхийлж байна. 

Монголбанкны ерөнхиийлөгч С.Наранцогт уулзалтыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Энэ танхимд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ  өдрийн мэнд хүргэе.

“Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт энэ удаагийн зөвлөлдөх  уулзалтыг хамтран  зохион байгуулж байгаа байгууллагууддаа талархал илэрхийлье.

Бид эх дэлхийд мэндэлсэн анхны цаг мөчөөс эхлээд л нар салхи, ус агаар, ургамал мод байгалийн ашигт малтмалыг гээд байгаа бүхнийг нь  байгаль эх дэлхийгээсээ ашиглаж, авсаар байдаг.

Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж, түүнийг дагасан хотжилт, үйлдвэржилтийн сүүдэр нь уур амьсгалын өөрчлөлт юм.

Өнөөдөр Монгол орны хувьд гэхэд л уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай  газрын доройтол, цөлжилтөд нийт бэлчээрийн 70 хувь нь өртөж, хүлэмжийн хий 52 хувь, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж 2 дахин нэмэгдэж, цэвэр усны эх ундаргыг баригч газрын гүн дэх цэвдгийн агууламж 34 хувиар буурчээ. Энэ бүх тооны ард нийгэм эдийн засаг, хувь  хүний амьдралд ирэх дарамт нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж, хэдэн их наядаар хэмжигдэх болно. 

Тэгвэл бид үүний эсрэг, эрсдэлийг бууруулахын тулд юу хийж чадах вэ?...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг манай банкны салбарынхан анхнаас нь дэмжин ажиллаж, банкны салбарынхан хамтдаа 50 сая мод тарих амлалт авсан.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Банкны салбарынхан хамтран энэ амлалтаа ажил хэрэг болгохоор Тэрбум мод санг байгуулж, сан маань өнөөдрийн байдлаар 6,8 сая мод тарьж, ургалтын хувь 90-ээс дээш хувьтай байна.

Ажлыг зөв зохион байгуулалттай хийвэл амжилттай ажиллаж болдгийн нэг тод жишээ та бидний хамтран байгуулсан энэ сан юм. Манай банкныхан ч гэсэн мод тарих ажилд манлайлан оролцож, илүү сайхан ногоон ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга хэмжээ бол мод тарих, ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх явдал юм. Тэгвэл Банкны салбарынхан Ногоон зээлийн бодлогоороо энэ ажлыг эрчимжүүлж, ойн салбарынхныг аль ч цаг үед тогтвортой, бүтээмж өндөртэй, амжилттай ажиллахад хэрхэн дэмжих вэ гэдэг энэ удаагийн сургалт, зөвлөгөөний гол ач холбогдол, зорилго гэж үзэж байна.

Өнөөдөр банкны салбаргүй сум суурин, банкны үйлчилгээ авдаггүй Монгол Улсын иргэн байхгүй. Яг үүнтэй адил ой мод, ойжуулалт хэрэггүй, шаардлагагүй газар гэж Монгол Улсад ч энэ эх дэлхийд ч нэгээхэн ч үгүй ээ.

Манай арилжааны банкууд олгож байгаа ногоон зээлийнхээ хэмжээг 2030 он гэхэд нийт зээлд эзлэх хувийг 10-д хүргэхээр зорьж байна. Банк, санхүүгийн салбар бодлогоороо эх дэлхийд ээлтэй зөв үйлдлийг, үйлдвэрлэлийг байнга дэмждэг байх ёстой. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар ч гэсэн,

- Ойн салбарын жижиг, дунд үйлдвэрүүдийг банкнаас зээл авч төсөл хэрэгжүүлэхэд нь  илүү дэмжих, тэдэнд боломж олгох,

- Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, одоо байгаа зээлийн бүтээгдэхүүнийг салбарын онцлогтой илүү уях,

- Засгийн газар, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх,

- Ойд суурилсан нэмүү өртгийн сүлжээ болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх мэдлэг мэдээллээ солилцох үүднээс энэ удаагийн сургалтыг хамтдаа зохион байгуулж байна.

Ингээд НОГООН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА хэмээн уриалж, өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад амжилт хүсье" гэв.