CNN Европын нэгэн тагнуулын байгууллагын тайланг олж авчээ. Кремль ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувийн хамгаалалтыг эрс чангатгаж, түүний ойрын туслахуудын гэрт хяналтын систем суурилуулах зэрэг шинэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ нь ОХУ-ын дээд цэргийн удирдлагуудыг онилсон аллагын давлагаа болон төрийн эргэлт гарч болзошгүй гэсэн айдастай холбоотой гэж тайланд дурджээ.
Мөн тус тайланд дурдсанаар, Ерөнхийлөгчтэй ажилладаг тогооч, бие хамгаалагч, гэрэл зурагчдыг нийтийн тээврээр зорчихыг хориглосон байна. Үүнээс гадна Кремлийн тэргүүнтэй уулзах хүмүүсийг хоёр шатны шалгалтаар нэвтрүүлж, ойрын хүрээний ажилтнууд зөвхөн интернэтгүй гар утас ашиглах эрхтэй болжээ.
Эдгээр арга хэмжээний зарим нь өнгөрсөн саруудад хэрэгжиж эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сард нэгэн өндөр албан тушаалтай генерал алагдсаны дараа дээд удирдлагын хүрээнд үүссэн маргаанаас үүдэлтэй гэж тайланд өгүүлсэн аж.
Энэ нь Украин дахь дайны фронтод гарч буй хүндрэл, эдийн засгийн дарамт, дотоод эсэргүүцлийн шинж тэмдгүүд нэмэгдэх зэрэг асуудлын дунд Кремлийн дотоод тогтворгүй байдал улам бүр нэмэгдэж буйг харуулж байна гэж бичжээ.
ОХУ-ын аюулгүй байдлын албад Путины тогтмол очдог газруудын тоог эрс цөөлсөн байна. Путин болон түүний гэр бүлийнхэн Москва орчмын ердийн амралтын байр, Санкт-Петербург ба Москвагийн хооронд орших Валдай дахь тусгаарлагдсан зуны ордонд очихоо больжээ.
Тайланд мөн Путин энэ онд одоогоор нэг ч цэргийн байгууламжид очоогүй гэж дурдсан байна. Түүний 2025 онд тогтмол хийдэг байсан ийм төрлийн айлчлалууд зогсжээ. Эдгээр хязгаарлалтыг тойрч гарахын тулд Кремль түүний дүрс бичлэг, урьдчилан бэлтгэсэн зургийг олон нийтэд тараадаг болсон байна.
2022 онд Украинд халдан довтолсноос хойш Путин олон долоо хоногоор тусгайлан шинэчилсэн бункеруудад байрлаж, ихэвчлэн Хар тэнгист ойр орших Краснодар мужид, Москвагаас хэдэн цагийн зайд оршин суудаг гэж тайланд дурджээ.
“Төрийн эргэлтийн эрсдэл”
2026 оны гуравдугаар сарын эхнээс Кремль болон Путин өөрөө нууц мэдээлэл задрах эрсдэл, мөн төрийн тэргүүнийг онилсон хуйвалдаан, эсвэл төрийн эргэлтийн оролдлогын аюулд ихээхэн санаа зовж байгаа гэж тайланд онцолжээ. Тэрбээр Оросын улс төрийн дээд хүрээнийхэн дундаас дроноор аллага үйлдэх оролдлого гарч болзошгүй гэж онцгой болгоомжилж байгаа аж.
Хамгийн анхаарал татсан дүгнэлт нь Оросын Батлан хамгаалахын сайд асан, одоо Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Сергей Шойгутай холбоотой хэсэг. Тайланд түүнийг “төрийн эргэлтийн эрсдэлтэй холбоотой хүн” гэж үзсэн бөгөөд тэрбээр цэргийн дээд командлалд нөлөөтэй хэвээр байгаа тул ийм дүгнэлтэд хүрсэн гэжээ.
Шойгугийн ойрын хамтрагч, орлогч асан Руслан Цаликов гуравдугаар сарын 5-нд авлига, мөнгө угаах, хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан нь элитүүдийн хооронд байсан далд хамгаалалтын тохиролцоог зөрчсөн үйл явдал болж, Шойгугийн байр суурийг сулруулсан гэж тайланд мөн дурдсан байна.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо өмнө нь Цаликовыг баривчилсан тухай мэдэгджээ.
Дотоод зөрчил ба сэжиг
Тайланд дотоодын мөргөлдөөн, эрх мэдэл бүхий элитүүдийн маргаан, авлигын асуудал нь Украинд дайн эхэлснээс хойш улам нэмэгдсэн гэж дүгнэжээ.
Мөн энэ тайланг задруулсан нь Кремлийн дотоод байдлыг тогтворгүй мэт харагдуулах зорилготой байж болзошгүй, эсвэл Европын тагнуулын байгууллагуудын мэдээллийн ажиллагааны нэг хэсэг байж магадгүй гэж шинжээчид анхааруулсан байна.
Путинд чиглэсэн хамгаалалтын шинэ түвшин
Тайланд дурдсанаар, Путины аюулгүй байдлын арга хэмжээг нэмэгдүүлсний дараа арван ахлах цэргийн удирдагчид ч мөн нэмэлт хамгаалалттай болсон байна. Өмнө нь 2023 оны зургадугаар сард цэргийн хөлсний удирдагч Евгений Пригожин Москва руу бүтэлгүй марш хийж, төрийн эргэлт хийхийг завджээ.
Эдийн засаг ба дайн
Украины талаас гүн рүү чиглэсэн дроны довтолгоо нэмэгдсэн, ОХУ-ын талд сар бүр олон арван мянган хүн амиа алдаж, шархадсан зэрэг нь дотоод дарамтыг нэмэгдүүлж байна гэж тайланд онцолжээ. Мөн Москвагийн орон сууцны өндөр барилга дээр дрон унасан зэрэг халдлагууд нийслэл хотод ч нөлөөлж эхэлсэн байна.
Эдийн засгийн хүндрэл, цахим сүлжээ тасалдал зэрэг нь дайны үр нөлөөг энгийн иргэд болон хотын дундаж давхаргад хүртэл мэдрэгдэж эхэлжээ.
Дашрамд дурдахад, энэхүү тайлан нь Кремлийн дотоод аюулгүй байдлын түгшүүр нэмэгдэж байгааг, Путин өөрийн хөдөлгөөн, уулзалтаа хязгаарлаж байгааг, цэргийн болон улс төрийн элитүүдийн дунд үл итгэлцэл нэмэгдэж байгааг, болзошгүй төрийн эргэлтийн эрсдэлийг тагнуулын түвшинд авч үзэж байгааг харуулж буй аж.
Гэвч эдгээр мэдээллийг баталгаажуулахад хүндрэлтэй бөгөөд зарим шинжээчид "Энэ нь барууны тагнуулын байгууллагуудын мэдээллийн дайн, улс төрийн нөлөөллийн нэг хэсэг байж болзошгүй" гэж үзэж буй юм байна.
Эх сурвалж: CNN