АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн засаг захиргаатайгаа хамтран “зэвсэгжилтийн эсрэг сан” (anti-weaponization fund) байгуулах тохиролцоонд хүрсэн байна. Энэ нь түүний Цагаан ордонд хийж буй хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчийн эрх мэдэлд тавьдаг хяналтуудыг сулруулах, мөн ирээдүйн мөрдөн шалгалтаас өөрийгөө хамгаалах чиглэлд төвлөрч буйг харуулсан хамгийн сүүлийн жишээ болжээ.

Энэхүү тохиролцоо нь Трамп Конгрессын Ардчилсан намын гишүүд, дараагийн засаг захиргаа, тэр ч байтугай холбооны засгийн газраас гадуурх байгууллагуудын явуулах боломжтой мөрдөн шалгалтуудыг саатуулах шинэ саадууд бий болгож буйг онцолсон байна.

Трамп Олон чиглэлд Ватергейтийн дуулианы дараах ил тод байдлын журам, хууль тогтоох байгууллагын төсвийн хяналтын эрх мэдэл, өөрийн зорилгод үйлчилсэн гэх яллагдагч этгээдүүдийг урамшуулах бодлого, мөн хараат бус агентлагууд болон гүйцэтгэх засаглалын хяналтын байгууллагуудыг сулруулах алхмуудыг хийж байна гэж өгүүлэлд дурдсан байна.

Шүүх, хуульчдын болон конституцийн шинжээчдийн хэлснээр, Трамп эдгээрийг АНУ-ын Дээд шүүхийн консерватив чиг хандлагаар өргөжиж буй ерөнхийлөгчийн эрх мэдлийн ойлголтыг ашиглан, өмнөх ерөнхийлөгчдийг хязгаарлаж байсан улс төрийн болон институцийн хэм хэмжээнүүдийг даван гарч байгаа аж.

Өмнө нь 1970-аад онд Уотергейтийн дуулианы дараа Конгресс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах хэд хэдэн хууль батлахад тухайн үеийн шүүхүүд дэмжиж байжээ.

Калифорнийн Өмнөд их сургуулийн Gould хуулийн сургуулийн профессор Адам Циммерман “Бид одоо эрх мэдэл Ерөнхийлөгчийн гарт төвлөрөх, хуваарилагдахгүй болсон маш огцом савлагааг харж байна. Мөн тэр эрх мэдлийг бүрэн туйлд нь хүргэж ашиглахад бэлэн хүн бий” гэж хэлжээ. 

Маргаантай “anti-weaponization fund” тохиролцоо

Сүүлийн үеийн энэ шийдвэр нь Трамп АНУ-ын Дотоод орлогын албатай (IRS) холбоотой хууль зүйн маргаантай нэхэмжлэлийн хүрээнд байгуулсан тохиролцооноос үүдэлтэй бөгөөд уг сан нь анх мэдээлсэнээс ч илүү өргөн хамгаалалт олгож байгаа аж.

Энэ сангийн зохицуулалт нь зөвхөн татварын асуудлаас гадна ерөнхийлөгчийн эсрэг явж болох бусад төрлийн мөрдөн шалгалтуудыг хүртэл хамгаалж магадгүй гэж үзжээ. Мөн ойролцоогоор 1.8 тэрбум ам.долларын сангийн өргөн шалгуур нь Конгрессын мөрдөн шалгалтад хамтран ажиллахгүй байх хөшүүрэг болж болзошгүй гэж анхааруулсан байна.

Энэ талаар хуульч Грегг Нунзиата “Энэ сан нь засгийн газрыг ашиглан дайснаа шийтгэж, найзуудаа шагнах гэсэн бидний харж буй чиг хандлагыг тод харуулж байна” гэж хэлжээ. 

АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгч уг санг хамгаалан, “Энэ нь хууль эрх зүйн тогтолцоог буруугаар ашигласны улмаас хохирсон хүмүүсийн гомдол, нэхэмжлэлийг шийдвэрлэх зорилготой” гэж тайлбарласан байна.

Татварын хэрэг болон өргөн хамгаалалт

Шинэ хэлцлийн хүрээнд Трамп, түүний бизнесүүд болон гэр бүл татварын аудит, хяналтаас хамгаалагдах нөхцөл тусгагдсан бөгөөд энэ нь өмнө мэдээлсэнээс илүү өргөн хүрээг хамарсан хамгаалалт гэж үзэж байна.

Хэлцэл нь IRS болон Сангийн яамнаас гарч болох аливаа шаардлагыг зогсоохоос гадна бусад агентлагуудын гаргах боломжтой нэхэмжлэлүүдэд ч хамаарах зохицуулалттай аж. Гэхдээ Хууль зүйн яам "Энэ нь зөвхөн иргэний маргаанд хамаарна, эрүүгийн хэрэгт хамаарахгүй" гэж мэдэгджээ.

Өгүүлэлд дурдсанаар, Трамп болон Хууль зүйн яам түүний эсрэг мөрдөн шалгалтад оролцсон хүмүүсийг шийтгэж, харин дэмжигчдийг нь уучлах, хэрэгсэхгүй болгох үйлдэл хийж байгаа аж. Жишээлбэл: 

  • -2021 оны Капитолын үймээний мөрдөн шалгалтад оролцсон прокуроруудыг ажлаас халсан
  • Трампын холбоотон Стив Бэннонтой холбоотой Конгрессын үл тоомсорлосон хэргийг хэрэгсэхгүй болгосон
  • Жеймс Коми, Летития Жеймс зэрэг албан тушаалтнуудын эсрэг хэрэг үүсгэсэн байна.
  • АНУ-ын Дээд шүүх 2023 онд Ерөнхийлөгчийн тодорхой үйл ажиллагаанд эрүүгийн хариуцлагаас хамгаалах дархлаа бүхий шийдвэр гаргасан нь Трампын эрх мэдлийг улам бэхжүүлсэн гэж шинжээчид үзэж байгаа аж.

Мөн Хууль зүйн яам муж улсын хуульчдын холбоодын сахилгын шалгалтыг хязгаарлах бодлого боловсруулж буй юм байна.

Дотоод хяналтын байгууллагуудыг сулруулж байна

Трампын засаг захиргаа:

  • Байгууллагын хяналтын ерөнхий байцаагчдыг халсан
  • Хууль зүйн архивын хадгалалтын шаардлагыг сулруулсан
  • Төрийн байгууллагын ил тод байдлын хуулиудыг эсэргүүцжээ.

Дээд шүүхийн консерватив бүрэлдэхүүн “нэгдсэн гүйцэтгэх засаглал”-ын онолыг дэмжиж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх чиглэл рүү явж байна гэж өгүүлэлд дүгнэжээ. Шинжээч Захари Прайс “Энэ нь Конгрессын хяналтыг тойрч, гүйцэтгэх засаглалын төсвийн хяналтыг илүү төвлөрүүлэх оролдлого юм" гэж хэлсэн байна.

Нэмж өгүүлэхэд, өгүүллийн гол санаа нь:

  • Трамп эрх мэдлийг төвлөрүүлж байна
  • Ирээдүйн мөрдөн шалгалтаас өөрийгөө хамгаалах бүтэц бий болгож байна
  • Ерөнхийлөгчийн хяналт, тэнцвэрийн систем сулрах эрсдэл нэмэгдэж байна.

Хуульч Дуг Леттер “Манай засаглал ажиллахын тулд тодорхой хэмжээний ёс суртахуун шаардлагатай. Энэ үйлдэл Үндсэн хуулийн төсөөлснөөс хэт давсан байна” гэж хэлжээ. 

Эх сурвалж: CNN