Украины нэгэн өндөр албан тушаалын командлагч Ройтерс агентлагт "Украин улс Оросын эсрэг өрнөж буй дайнд байлдааны талбарт санаачилгыг гартаа авах, мөн энхийн хэлэлцээнд илүү давуу байр суурьтай орохын тулд ойролцоогоор зургаан сарын хугацаатай цонх үеийг ашиглах боломжтой" гэж ярьжээ. Тэрбээр дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайнд “эргэлтийн цэг” удахгүй ирнэ гэж таамаглаж байгаа аж.

Орос 2022 оны хоёрдугаар сард Украин руу бүрэн хэмжээний довтолгоо хийснээс хойш Оросын цэргүүд аажим боловч тогтвортой давшилтууд хийсээр ирсэн. Гэсэн ч энэ жилийн хувьд тэдний давшилт саарч, Украины цэргүүд фронтын шугам дээр эсрэг дарамтаа нэмэгдүүлж, ухраах оролдлогоо эрчимжүүлж буй юм байна.

Украины Гуравдугаар армийн корпусыг командалдаг, тус улсын хамгийн туршлагатай байлдааны нэгжүүдийн нэгийг удирддаг бригадын генерал Андрей Билецкий Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа "Оросын арми ядарч туйлдсан, томоохон хэмжээний цөмлөлт хийх чадваргүй болсон" гэж үзэж буйгаа хэлжээ.

Тэр хэрэв Украины арми хэдэн сарын турш энэ эрч хүчээ хадгалж чадвал фронтын бүх шугам дагуу санаачилгыг гартаа авч, Оросыг Украины зүүн хэсэгт орших Донецк мужийн бүрэн хяналтгүй үлдсэн хэсгийг эзлэх төлөвлөгөөнөөсөө татгалзахад хүргэж чадна гэж үзэж байгаа аж.

Билецкий Харьков мужийн зүүн хойд хэсэгт байрлах нууц газар өгсөн ярилцлагадаа “Би дараагийн 6-9 сар бол эргэлтийн үе гэж бодож байна. Илүү тодруулбал, дараагийн зургаан сар хамгийн чухал үе байх болно” гэж нэмж онцолсон байна.

АНУ-ын дэмжлэгтэй энхийн яриа хэлэлцээ удааширч, гацаанд орсон гол асуудлуудын нэг нь Донецк мужийн статус хэвээр буй. Орос тал тус бүсийг бүхэлд нь хяналтдаа авахыг хүсэж байгаа бол Украин эзлэгдээгүй нутаг дэвсгэрээс цэргээ гаргахаас эрс татгалзаж байгаа юм.

Билецкий “Бид өөрсдийн байр суурийг сайжруулж болох чиглэлүүдийг тодорхойлж, стратегийн чухал цэгүүдийг авч, улмаар оросуудтай сул дорой биш, харин хүчтэй байр сууринаас тогтвортой эвлэрлийн талаар ярих хэрэгтэй” гэж хэлжээ. Тэрбээр цааш нь "Энэ нь цэргийн хувьд бодит боломжтой зүйл" гэж онцолсон байна.

Азовын батальоныг үүсгэн байгуулсан, одоо хэдэн арван мянган цэргийг командалж буй барууны чиг хандлагатай улс төрийн зүтгэлтэн Билецкий "Оросын Батлан хамгаалах яам энэ талаар тайлбар өгөөгүй байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлж, энэ сарын эхээр дайн төгсөх шатандаа орж байна" гэж мэдэгджээ.

Шийдвэрлэх чухал сарууд

Оросын давшилт зарим талаар удаашрахад тэрбумтан Илон Маскийн шийдвэр нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Тэрбээр "Оросын талд SpaceX-ийн Starlink хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээний хандалтыг хязгаарласан. Үүний зэрэгцээ Киев Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем болон логистик руу дунд зайн нисгэгчгүй онгоцоор цохилт өгч, Оросын газрын тос, цэргийн байгууламжид хол зайн цохилт амжилттай хүрэх боломжийг нэмэгдүүлсэн" гэжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долоо хоногт "Украин 2026 онд ойролцоогоор 600 хавтгай дөрвөлжин км газар нутгийг эргүүлэн авсан" гэж мэдэгдсэн ч энэ тоог Ройтерс бие даан баталгаажуулж чадаагүй байна. Одоогийн байдлаар Орос Украин улсын нутаг дэвсгэрийн бараг тавны нэгийг хяналтдаа авчээ.

Финландад төвтэй Black Bird мөргөлдөөний шинжээчдийн бүлгийн Жон Хелин Билецкийтэй ижил байр суурь илэрхийлж, "Оросын армийнхан ядарч байгаа бол Украины талд хүн хүчний дутагдал тулгамдсан асуудал хэвээр байна" гэж хэлжээ.

Тэрбээр “Энэ оны эхний 4-5 сарын байдлаар Оросын тал ядарч туйлдах нь Украины асуудал ноцтой түвшинд хүрэхээс илүү магадлалтай харагдаж байна” гэж хэлсэн байна.

АНУ-д төвтэй Institute for the Study of War мөн "Украин одоо байлдааны шинж чанараа өөрчилж, механикжсан жижиг довтолгоо хийх чадвар луу ойртож байна" гэж мэдээлжээ.

Бат бэх хамгаалалтын шугам

Оросын цэргүүд Украины зүүн хэсгийн “Бат бэх хамгаалалтын шугам”-д дарамт үзүүлж буй бөгөөд стратегийн ач холбогдолтой Костянтиновка хотод ширүүн тулалдаан үргэлжилж байгаа аж. Энэ бүс нь Украины хамгаалалтын гол тулгуур хотуудын сүлжээ аж. Хэрэв Орос энэ шугамыг эзэлвэл Донбассын бусад хэсэгт аюул занал учруулах байрлалд очих юм байна.

Билецкийн хэлснээр, түүний цэргүүд хамгаалалтын шугамын хойд хэсэг болох Словянск орчмыг тогтвортой барьж, Оросын цэргүүдийг хот руу шууд довтлохоос өөр аргагүй байдалд оруулж байгаа ажээ.

Тэр ийм өндөр өртөгтэй довтолгоонууд нь Оросын талын хохирлыг нэмэгдүүлж, туршлагатай офицеруудын алдагдалд хүргэж байна гэж үзэж, үүнийг Оросын армийн мэргэжлийн чадавх доройтож байгаагийн шинж гэж тайлбарлажээ.

Билецкий “Тэдэнд хүний нөөцийн дутагдал илэрхий болж, өмнөх жилийнх шиг давшилт хийх боломжгүй болсон” гэж хэлсэн байна. Тэрбээр "Украины саяхны амжилтуудад үндэслэн дүгнэлт хийхэд эрт байгаа ч дунд зайн довтолгоогоо үргэлжлүүлж, болгоомжтой урагшилвал үр дүн гарна" гэжээ.

Мөн Оросын тал Starlink ашиглалт хязгаарлагдсанаар харилцаа холбооны хувьд ноцтой сулралд орж байгааг онцолсон байна. Гэсэн ч тэр талууд технологийн хөгжлийн хувьд ойролцоо түвшинд буй бөгөөд Украин газар дээрх нисгэгчгүй төхөөрөмж болон хүнд даацын дрон ашиглалтад илүү, харин Орос шилэн кабелийн дроны технологид давуу талтай гэж үзжээ.

Билецкийн корпус нь шинэ үеийн армийн загвар болж, сургалт, технологийн шинэчлэлийг эрчимтэй нэвтрүүлж байгаа бөгөөд 2027 он гэхэд явган цэргийн тодорхой хэсгийг нисгэгчгүй төхөөрөмжөөр орлуулах зорилт тавьсан байна.

Тэр "Ирээдүйн “хувьсгал” нь командлагчдад илүү уян хатан, бүтээлч хамтарсан довтолгоо хийх боломж олгож, хүний нөөцийг хэмнэнэ" гэж хэлжээ. Билецкий “Энэ нь энэ жил бодит болно, бид өөрсдийн корпусыг энэ шинэчлэлийн тод жишээ болгон харуулна” гэж ярьсан байна.

Эх сурвалж: REUTERS