Ватикан хотын төв хэсэгт, жуулчид болон Гэгээн Петрийн сүмийн дунд тэд яг л өнгөрсөн үеэс ирсэн хүмүүс мэт харагдана. Өнгө алагласан сүрлэг дүрэмт хувцастай эдгээр эрчүүд бол Ватиканы зэвсэгт хүчин болох Швейцарийн гвардийн цэргүүд юм. Тэдний нэг нь Дарио. Тэрбээр Ромын папад хүчин зүтгэхээр шийджээ.

DW агентлаг Дариогийн амьдралын онцгой мөчийг хамтдаа сурвалжилсан байна. Энэ бол түүний тангараг өргөх ёслол. Тэрбээр понтифик (Pope Leo XIV зэрэг Ромын папыг хүндэтгэсэн байдлаар ийн нэрлэдэг) өөрийн амь насыг үл хайрлан хамгаалахаа андгайлжээ.

“Үхэхийг хүсэхгүй ч шаардлагатай бол бэлэн”

Ватиканыг өнгөлөг дүрэмт хувцастай цэргүүд чанд хамгаалдаг. Дарио 2025 оноос хойш Швейцарийн гвардид алба хааж буй аж. Гэвч энэ нь зүгээр нэг ажил биш. Ромын католик сүмийн зүрхэнд амьдрах ямар байдаг бол? Швейцарийн гварди яагаад ийм нэртэй болсон бэ? Мөн тэнд алба хааж буй залуусыг юу зоригжуулдаг вэ?

Ватиканы гвардийн цэрэг Дарио “Би үхэхийг хүсэхгүй. Гэхдээ тийм мөч ирвэл би бэлэн” гэж хэлжээ. Тэр одоо 25 настай бөгөөд Граубюнден кантоноос гаралтай. Тэрбээр “Би энд, Швейцарийн гвардид, Ромын папыг өөрийн амь насаараа хамгаалахаар ирсэн” хэмээн онцолсон байна.

Ватиканы гвардичид бүх орц, гарцыг хянаж хамгаалдаг бөгөөд тэднийг өнгөлөг дүрэмт хувцсаар нь төвөггүй таньж болдог аж. Дарио өөртэй нь хэдэн хүн зураг даруулсан тоог хэдийнэ мартжээ.

Тэр “Магадгүй хэдэн зуу, бүр мянга ч байж мэднэ. Намайг зогсож байх цаг тутамд хүмүүс зураг авахуулдаг. Манай дүрэмт хувцас үнэхээр содон, хүмүүсийн анхаарлыг шууд татдаг. Энэ бахархал төрүүлдэг мөч. Чи зогсож байхад хүмүүс ‘Ямар гоё юм бэ, заавал зураг авахуулъя, ямар гоё юм бэ’ гэж хэлдэг” гэж ярьсан байна.

Папын төлөөх 500 жилийн алба

Гэвч эдгээр сүрлэг хувцастай гвардичид зөвхөн чимэг төдий биш. Швейцарийн гварди Ватиканыг 500 гаруй жилийн турш хамгаалж иржээ.

Энэ анги 1506 онд Ромын пап Юлий II-ын зарлигаар байгуулагдсан бөгөөд швейцарчуудыг үнэнч, хүчирхэг дайчид хэмээн үнэлдэг байсантай холбоотой аж. Өнөөдөр ч энд зөвхөн Швейцарийн иргэн эрчүүд алба хаадаг хэвээр юм байна.

Казармд нийт 135 гвардичин амьдардаг. Тэд швейцар герман, франц, итали хэлээр арилцдаг байна. Дарио “Энэ бол миний гэр. Бид дөрвүүлээ нэг өрөөнд амьдардаг ч энэ миний хувийн орон зай. Хүн бүр энд өөрийн гэсэн булантай” гэж ярьжээ.

Тэрбээр энд хэдэн сарын турш ажиллаж, амьдарч байгаа ч албан ёсны тангараг өргөх ёслол нь хараахан болоогүй байгаа аж.

Энэ чухал мөч хэрхэн өнгөрснийг DW-ийн “Репортаж” YouTube сувгаас үзэх боломжтой юм байна.