БНАСАУ олон зориулалттай хөнгөн пуужин харвах шинэ систем болон тактикийн далавчит пуужингийн цуваа харвах системийг амжилттай туршжээ. Туршилтыг Үндэсний батлан хамгаалахын академийн туршилтын талбайд зохион байгуулсан бөгөөд БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун биечлэн ажигласан талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) мэдээлсэн байна.

Туршилтын үеэр тусгай тактикийн баллистик пуужингийн байлдааны хошууны хүчин чадал, 240 мм-ийн удирдлагатай реактив сумны навигацийн найдвартай ажиллагаа, мөн хиймэл оюун ухаанд суурилсан чиглүүлэх систем бүхий тактикийн далавчит пуужингийн нарийвчлалыг шалгажээ.

Ким Жөн Ун туршилтын үр дүнг өндрөөр үнэлж, армийн батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх чиглэлд гарсан “томоохон технологийн дэвшил” хэмээн тодорхойлсон байна.

Ялангуяа шинэ тактикийн далавчит пуужинд онцгой анхаарал хандуулжээ. KCNA-гийн мэдээлснээр8 энэхүү зэвсгийг БНСУ-тай хиллэдэг өмнөд бүсийн алсын тусгалын артиллерийн ангиудад ашиглахаар төлөвлөсөн аж.

Уг пуужин нь өндөр нарийвчлалтай навигацийн системийг хиймэл оюун ухаанд суурилсан чиглүүлэх технологитой хослуулсан бөгөөд хөдөлгүүрт болон планер нислэгийн горимоор 100 хүртэлх км-ийн зайд байгаа байд оновчтой тусах чадвартай юм байна.

Ким Жон Ун мөн шинэ зэвсгийн галын удирдлагын систем болон пуужин харвах төхөөрөмжийн автомат ажиллагааг орчин үеийн тулааны нөхцөлд нийцүүлэн бүрэн шинэчилснийг онцолжээ. Ингэснээр шинэ зэвсгүүд автоматжуулсан, өндөр нарийвчлалтай, алсын тусгалтай болсон гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “Асар их сүйтгэх хүчин чадалтай байх нь дайныг тогтоон барих хамгийн чухал нөхцөл” хэмээн онцлоод, ийм хүчин чадал нь дайснуудад айдас, түгшүүр төрүүлдэг гэжээ.

БНАСАУ-ын удирдагч нам, засгийн газраас цөмийн болон уламжлалт зэвсэгт хүчнийг эрчимтэй бэхжүүлэх бодлогоо өөрчлөхгүйгээ дахин мэдэгдэж, батлан хамгаалахын байгууллагуудад орчин үеийн дэвшилтэт зэвсгийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үүрэг өгсөн байна. Түүний хэлснээр, энэ нь улсын бүрэн эрхт байдал болон социалист тогтолцооны хөгжлийг баталгаажуулах зорилготой аж.

Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайдын зөвлөх, маршал Пак Чон Чхон болон Пуужингийн ерөнхий газрын удирдлагууд зэрэг өндөр албан тушаалын цэргийн төлөөлөгчид оролцсон байна.

Эдгээр туршилт нь БНАСАУ-ын үндэсний батлан хамгаалах салбарын таван жилийн хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй бөгөөд артиллерийн болон пуужингийн хүчнийг шинэчлэх зорилготой аж.

Эх сурвалж: TASS