Хятадын Гадаад хэргийн сайд Ван И "БНХАУ Иран, АНУ-ын хооронд үүсээд буй зөрчил мөргөлдөөнийг зохицуулахын тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байна" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр энх тайвныг сэргээх боломж одоо ч хэвээр байгаа аж.

Ван И Нью-Йорк хотноо сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Хятад улс өнөөгийн мөргөлдөөнийг зохицуулахын төлөө тасралтгүй ажиллаж байна. Одоогийн нөхцөлд АНУ, Ираны хоорондын хэлэлцээ хамгийн чухал үе шатандаа явж байна” хэмээн мэдэгдсэнийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудаст нийтэлжээ.

Тэрбээр олон жилийн турш үргэлжилсэн зөрчил маргааныг “нэг өдрийн дотор шийдвэрлэх боломжгүй”-г онцлоод, “хэлэлцээний хүрээнд урагшилж буй алхам бүр энх тайванд илүү их найдвар авчирдаг” гэжээ. Мөн мөргөлдөөн хэдийчинээ хурдан дуусна, төдий чинээ энгийн иргэдийн хохирол багасна гэдгийг тэмдэглэсэн байна.

Хятадын Гадаад хэргийн сайд Тегеран, Вашингтоны эрх баригчид гал зогсоох, цэргийн ажиллагааг дуусгах чиглэлд харилцан буулт хийж, Ойрхи Дорнодод энх тайвныг аль болох хурдан сэргээнэ гэж найдаж буйгаа илэрхийллээ. Түүний хэлснээр, БНХАУ мөргөлдөөнд оролцогч гол талууд, бүс нутгийн болон олон улсын түншүүдтэй тогтмол холбоотой ажиллаж байгаа аж.

Ван И “Бүс нутгийн орнуудын бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, энгийн иргэд болон иргэний зориулалттай объектуудыг хамгаалах, далайн тээврийн зам болон эрчим хүчний дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах, мөн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцооны зарчмуудыг мөрдөх шаардлагатай гэж бид үзэж байна” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: TASS