НЭМЭЛТ: 

ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар, УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн. 

Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгов.

Хоёрт, энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдлаа. Ингэснээр УДШ-ийн ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох заалтыг хүчингүй болгож, Д.Ганзориг улирч дахин зургаан жил ажиллах эрхтэй боллоо. 

Үндсэн хуулийн цэц шийдвэрээ 13:30 цагт танилцуулна

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан 2026 оны тавдугаар сарын 27-ны өдөр 09:30 цагт Цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхэлсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын эцсийн шийдвэрийг 13:30 цагт танилцуулахаар болсон байна.

Хуралдаанаар 2021 оны 1 дүгээр сарын 15-нд батлагдсан Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт заасан “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаатай томилно” гэсэн зохицуулалтын “…зөвхөн нэг удаа…” гэх хэсэг нь Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгын хувьд дахин сэргээсэн эсэх, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж байна.

Хууль тайлбар, байр суурийн зөрүү

Хуралдааны үеэр мэдээлэл гаргагч иргэн, хуульч Г.Нацагдорж “ҮХЦ-ийн шийдвэрийг сэргээхдээ хүрээг нь тодорхой болгож, холбогдох заалтыг хүчингүй болгох шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Хууль өөрөө тодорхой байх ёстой. Хуулийн заалтыг ойлгомжтой, нэг утгатай байлгах шаардлагатай. Тиймээс ‘зөвхөн нэг удаа’ гэсэн зохицуулалт тодорхой байх ёстой” гэж онцолсон байна.

ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан “Энэ маргаанд хараат бус байдлын зарчим хэрхэн үйлчлэх вэ” гэсэн асуудлыг хөндөн асууж, талуудын байр суурийг тодруулжээ.

Шүүхийн хараат бус байдлын талаар маргаан

УИХ-ын төлөөлөгч Д.Цогтбаатар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хараат бус байдлыг хангах нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд зөвхөн нэг заалтаар хязгаарлах боломжгүй гэдгийг онцолсон байна. Тэрээр мөн зарим орнуудад шүүгчийн бүрэн эрх тэтгэвэрт гарах хүртэл үргэлжилдэг жишээг дурджээ.

ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан харин Монгол Улс болон бусад орнуудад шүүгчийн бүрэн эрхийн хугацааг тодорхой хязгаарладаг туршлагууд байдгийг дурдсан байна.

Улс төрийн байр суурь

Хуралдаантай холбогдуулан Ардчилсан намын бүлэг уг асуудлыг улс төрийн шинжтэй үйл явдал гэж үзэж байгаагаа илэрхийлэв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сүүлийн үед хийгдсэн томилгоонуудыг харахад улираан томилох хандлага давамгайлж байна” хэмээн шүүмжилжээ.

Мөн тэрээр ҮХЦ-ийг улс төрийн нөлөөнд автсан байж болзошгүй гэж үзэж, Цэцийн удирдлагын бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн чөлөөлөгдсөн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

АН-ын бүлгийн зүгээс Цэцийн дарга болон зарим гишүүдийн асуудлыг УИХ-д яаралтай оруулах, шинэ бүрэлдэхүүн бүрдэх хүртэл Цэцийн шийдвэр гаргалтыг түр зогсоох шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэхээ мэдэгдлээ.