ОХУ-ын Элчин сайдын яам "Финлянд улс өөрийн нутаг дэвсгэрийг ОХУ-ын эсрэг цохилт өгөхөд ашиглахгүй байхыг Украинаас шаардсан" гэж мэдээлснийг "Известия" мэдээлсэн байна.
Үүнтэй зэрэгцэн Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас өмнө нь "Балтийн орнууд Украинд ОХУ-ын эсрэг цохилт өгөхөд өөрийн агаарын орон зайг ашиглах зөвшөөрөл өгөөгүй" хэмээн мэдэгдэж байжээ.
ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлснээр, Хельсинки хотын эрх баригчид мөн Украины зэвсэгт хүчний ОХУ-ын баруун хойд бүс рүү чиглэсэн ажиллагаатай холбоотой аливаа оролцоо, бэлтгэлийн оролцоог эрс няцааж байгаа аж.
Элчин сайдын яамнаас “Известия”-д “Финландын улс төрийн удирдлагаас холбогдох дохиог ‘украин найзуудад’ хүргэсэн тухай мэдээллийг бид олон удаа тэмдэглэж байна” хэмээн мэдээлжээ.
Финландын Батлан хамгаалахын сайд Антти Хяккянен өмнө нь Финландын агаарын орон зайг ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөхдөө ашиглахыг “бүрэн хориглосон” гэж мэдэгдсэн байна. Үүнтэй ижил байр суурийг тус улсын Ерөнхийлөгч Александр Стубб ч илэрхийлжээ.
Гэсэн хэдий ч Оросын дипломатчдын “Известия”-д өгсөн мэдээллээр, Финландын эрх баригчид иргэддээ хандан “дроны осол, зөрчил цаашид ч үргэлжлэх магадлалтай” гэж анхааруулсаар байгаа аж.
Балтын орнууд ба дроны асуудал
Латвийн Гадаад хэргийн сайд Байба Браже мөн Балтын орнууд Украинд өөрийн агаарын орон зайг ашиглах, тэр дундаа нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-үүд нэвтрүүлэх зөвшөөрөл өгөөгүйгээ мэдэгдэж байжээ.
Энэ сарын 21-ний өдөр Латвийн Зэвсэгт хүчин тус улсын тэнгэрт дор хаяж нэг дрон илэрсэн талаар мэдээлсэн бөгөөд уг дроны харъяаллыг тодорхойлоогүй байна. Үүний дараа агаарын орон зайд аюул заналхийлэл үүссэн хэмээн анхааруулга зарлажээ.
Харин тавдугаар сарын 19-нд ОХУ-ын Гадаад тагнуулын алба (ГТА)-наас "Киевийн эрх баригчид Латвийг ОХУ-ын эсрэг дрон ашиглах ажиллагаанд зөвшөөрөл өгөхийг ятгасан" гэж мэдээлсэн байна. Тэдний мэдээлснээр, Украины тал “Дрон хөөргөсөн байршлыг яг нарийвчлан тогтоох боломжгүй” гэж тайлбарлаж, энэ аргыг ашиглахыг санал болгожээ.
Латвийн эрх баригчид уг ажиллагаанд оролцохоор зөвшөөрсөн ч Москвагийн хариу цохилтын эрсдэлээс болгоомжилж буйгаа илэрхийлсэн талаар ГТА-наас мэдэгджээ.
Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас мөн "Балтын орнууд Украинд агаарын орон зайгаа ашиглуулах зөвшөөрөл өгөөгүй" гэж дахин мэдэгдсэн байна.
Эх сурвалж: TASS