Монгол Улсын Засгийн газрын 154 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэдийн хувьцаа болон түүнд хамаарах ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь шилжүүлэх ажиллагаа 2026 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхэлнэ. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас өнөөдөр (2026.05.27) нас барсан иргэний хувьцааг хэрхэн өвлүүлэх талаар мэдээллээ. 

Одоогийн байдлаар тус компанийн нийт хувьцааны 73.5 хувийг төр, 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төрсөн бүх иргэнд 1072 хувьцаа эзэмшүүлээд буй юм.

Урьдчилсан тооцоогоор, нийт 135 мянга гаруй нас барсан иргэний хувьцаа болон Төрийн сангийн дансанд хуримтлагдсан ойролцоогоор 66 тэрбум төгрөгийн ногдол ашиг өв залгамжлалын журмаар шилжих нөхцөл үүсжээ.

Хувьцаа, ногдол ашгийн мэдээлэл шалгах

Иргэд эхний ээлжид Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг илгээж, 1072 хувьцааны үлдэгдэл болон ногдол ашгийн мэдээллээ шалгах боломжтой.

Үүний дараа төв байранд биечлэн очих шаардлагагүй, өөрт ойр байрлах нотариатчид хандаж, өв залгамжлах эрхийн гэрчилгээ гаргуулах юм байна. Нотариатч тухайн гэрчилгээг цахим системд бүртгэснээр мэдээлэл Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шууд дамжих аж.

Ийнхүү хувьцаа болон ногдол ашиг нь хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд автоматаар шилжиж, “E-Mongolia” системээр дамжуулан мэдэгдэл хүргэгдэх юм байна. Үнэт цаасны дансанд орсон мөнгийг иргэн брокерийн компаниар дамжуулан арилжааны банкны данс руу шилжүүлэн авах боломжтой ажээ.

Шаардлагатай баримт бичиг

Өв залгамжлах эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтуудыг нотариатч ихэнх тохиолдолд цахим системээс шууд татан авах боломжтой. Үүнд:

  • нас барсны гэрчилгээ
  • гэрлэлтийн лавлагаа
  • хөрөнгийн лавлагаа

Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай тохиолдолд төрөл садангийн лавлагаа болон 1988 оноос өмнөх төрсний бүртгэлийн мэдээлэл авна.

Харъяа баг, хорооны Засаг дарга нас барсан иргэний оршин сууж байсан хаягийн тодорхойлолт болон өрхийн бүртгэлийн мэдээллийг баталгаажуулна. Хэрэв өрхийн бүртгэлийн дэвтэр байхгүй тохиолдолд тухайн иргэн уг хаягт амьдарч байсныг нотолсон тодорхойлолт гаргах зохицуулалттай.

Өв залгамжлалын хугацаа

Иргэний хуулийн дагуу нас барсан иргэнтэй хамт амьдарч байсан өвлөгч гурван сарын дотор татгалзах хүсэлт гаргаагүй бол өвийг хүлээн авсанд тооцно. Харин хамт амьдраагүй өвлөгч нэг жилийн дотор хүсэлт гаргаагүй бол татгалзсанд тооцогдоно.

Гадаад улсад оршин суугаа иргэд 50 гаруй улсад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газар болон консулын байгууллагад хандах, эсвэл нотариатын цахим системээр дамжуулан онлайнаар хүсэлт гаргах боломжтой.

Олон өвлөгчтэй тохиолдолд хувьцаа, ногдол ашгийг тэнцүү хуваарилах бөгөөд талууд харилцан тохиролцож өв хуваах гэрээ байгуулах эрхтэй.

Зарим иргэний хувьцаа 1072 ширхэгээс бага байх тохиолдол гарч болзошгүй. Энэ нь өмнө нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагаа төрд худалдах, эсвэл тодорхой үйлчилгээ, шимтгэлд суутгуулах замаар мөнгөн хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотой юм. Ийм тохиолдолд үлдсэн хувьцааны хэмжээгээр ногдол ашиг бодогдон шилжих аж.

Энэхүү үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд хүргэх зорилгоор тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, холбогдох байгууллагууд газар дээр нь мэдээлэл өгч ажиллах юм байна.