Бүтэн жилийн турш хөхний хорт хавдрын мянга гаруй тохиолдлыг оношилдог, нэр хүндтэй хөхний эмгэг судлаач Др.Ира Блэйвайс 2014 оны долдугаар сард хүлээн авсан нэгэн и-мэйлийг тухайн үедээ "ер бусын зүйл" гэж огт бодоогүй аж.
Нью-Йорк хотын Маунт Синай эмнэлгийн Дубин хөхний төвийг үүсгэн байгуулагч түүнтэй холбогдож, хөхний хорт хавдартай өвчтөний охиныг эмчтэй яаралтай яаралтай уулзуулахыг хүссэн байна.
Ева Андерссон-Дубин “Тэр маргааш сорьцоо авчирч магадгүй. Та хоёр асуудлыг хамтдаа шийдээрэй” хэмээн бичжээ. Гэвч 10 гаруй жилийн дараа Блэйвайс АНУ-ын Хууль зүйн яамны “Эпштейний файлууд”-д түүний нэр олон удаа дурдагдсаныг мэдээд цочирдсон байна.
Тэр тухайн өвчтөний охин Карина Шулиак тухайн үед Жеффри Эпштейний найз бүсгүй байсныг огт мэдээгүй аж. Харин Андерссон-Дубин нь эмч, Америкийн хедж сангийн менежер Гленн Дубины эхнэр, мөн Шведийн мисс асан бөгөөд түүний Эпштейнтэй өмнө нь үерхэж байсан нь хожим ил болжээ.
CNN-д өгсөн саяхны ярилцлагадаа Блэйвайс эмч Андерссон-Дубин өөрт нь Зүүн Европоос ирсэн нэг өвчтөний охинтой танилцуулж байсныг бүдэг бадаг санаж буйгаа хэлжээ. Тэрбээр Маунт Синай эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа Эпштейний холбоо сүлбээг огт мэдээгүй бөгөөд олон жилийн дараа үнэн байдлыг мэдээд, ихэд цочирдсоноо ярьжээ.
Тэр “Хүмүүс зүгээр ажлаа хийж, өвчтөнүүдэд туслахыг л хичээж байсан. Тэд яаж мэдэх билээ? Тэдэнд ямар ч ойлголт байгаагүй” хэмээн хэлсэн бөгөөд одоо Пенсильванийн Их Сургуульд ажиллаж байгаа аж.
Блэйвайсийн хувьд 2014 онд Эпштейний хүрээллийн нэгэн хэсэгтэй санамсаргүйгээр түрхэн зуур холбогдсон энэ явдал нь түүнийг насанд хүрээгүй хүүхдээс биеэ үнэлэхийг завдсан хэргээр ял эдэлсний дараа ч Маунт Синайтай тогтоосон сүлжээ нь хэрхэн ашиглагдаж байсныг илтгэх олон жишээний нэг байжээ.
Сая сая баримт бүхий Эпштейний файлуудыг Хууль зүйн яам сүүлийн саруудад нийтэлснээр Маунт Синай эмнэлэг дэх түүний “VIP” эмчилгээ ямар хэмжээнд хүрснийг илүү тод харуулсан байна. Эмч нар түүний дуудлагад үргэлж бэлэн байж, гэрийн үзлэг хүртэл хийдэг байсан бөгөөд түүний найз нөхдөд ажил, эмнэлгийн үйлчилгээний давуу эрх олгодог байжээ.
Эдгээр илчлэлтүүд нь Нью-Йорк хотын нэр хүндтэй Маунт Синай эмнэлгийн хувьд "хариуцлага" авчирсан бөгөөд тус эмнэлэг улс орны хамгийн баян, нөлөө бүхий хүмүүсийн хандив, нэр хүнд дээр тулгуурлан ажилладаг байгууллага болохыг дахин сануулсан аж.
Эмнэлэг Эпштейний холбоог шалгах хороо байгуулсан гэх мэдээлэл байгаа ч олон нийт болон дотооддоо энэ талаар төдийлөн мэдээлэл өгөөгүй байгаа юм байна. Энэ хооронд Дубин хөхний төв нэрийг хадгалсаар буй бөгөөд Эпштейнд эмчилгээ үзүүлж байсан зарим эмч нар одоо ч тус эмнэлэгт ажиллаж байгаа ажээ.
Эпштейнд үзүүлсэн хандлага нь түүнийг бүртгэлтэй бэлгийн гэмт хэрэгтэн байсан ч хэт чинээлэг, нөлөө бүхий өвчтөнүүдэд зориулсан давуу эрхийн тогтолцоо оршдогийг харуулж байсан байна. Мөн хандив, санхүүжилтээс хамааралтай байгууллагуудад ашиг сонирхлын зөрчил хэр гүн суусныг илтгэжээ.
Маунт Синайн олон нийттэй харилцах дэд ерөнхийлөгч Лусиа Ли тус эмнэлгийн төлөөлөгчийн мэдэгдлийг дамжуулаад, “Эпштейний үйлдлүүд нь аймшигтай, жигшүүртэй бөгөөд Маунт Синай эмнэлгийн үнэт зүйлс болон эмнэлгийн мэргэжлийн зарчимтай бүрэн зөрчилдөж байна” гэж хэлсэн байна.
Тэр “Манай төв өвчтөнүүдэд хамгийн өндөр түвшний тусламж, хүндэтгэл үзүүлнэ. Бид тухайн өвчтөний эмчилгээний талаар тайлбар хийхгүй” гэжээ.
Тэрбээр CNN-ийн асуусан олон асуултад хариулаагүй бөгөөд үүнд Эпштейнтэй холбоотой дотоод шалгалтын явц, түүнээс авсан хандивын хэмжээ, VIP эмчилгээний бодлого зэрэг багтсан байна.
Эмнэлэгтэй холбоотой зарим эмч, ажилтнуудын хэлснээр удирдлагаас дотоод хамт олонд энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгөөгүй, энэ тухай яривал карьерт нь сөргөөр нөлөөлнө гэсэн айдас түгээмэл байжээ.
Нэгэн эмч нэрээ нууцлан “Эдгээр холбоог таслах ёстой. Хариуцлагагүй эмч нарыг халж, Дубин төвийн нэрийг өөрчлөх ёстой. Ихэнх хүмүүс ийм байр суурьтай байгаа ч удирдлага л шийдвэр гаргахгүй байна. Тэд мөнгө болон эрх мэдэлтэй хүмүүсийг гомдоохоос айж байна” гэж хэлсэн байна.
Өөр нэг эмч ч Эпштейний талаар огт мэдээгүй байсан гэж хэлээд “Би үнэхээр цочирдсон” хэмээн ярьжээ. Тэрбээр эмнэлгийн удирдах зөвлөлөөс зөв шийдвэр гаргана гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Гэвч CNN одоогийн болон хуучин удирдах зөвлөлийн олон арван гишүүнтэй холбогдоход бүгд ярилцахаас татгалзжээ.
VIP эмчилгээ ба гэрийн үзлэг
Эпштейний файлууд ил болсон нь Дубин гэр бүл болон Эпштейний ойр холбоог дахин анхаарлын төвд оруулсан. Ева болон Гленн Дубины охин Селина нэгэн үед Эпштейний сангаас ашиг хүртэгчдийн жагсаалтад байсан, тэр түүнийг “загалмайлсан охин” гэж нэрлэдэг байжээ.
Селина Маунт Синайн дерматологийн резидентурт суралцсан байна. (Гэр бүлийн төлөөлөгч New York Post-д хэлэхдээ Селина тухайн сангийн талаар мэдээгүй байсан бөгөөд мэдсэний дараа татгалзсан баримт бүрдүүлсэн гэжээ.) Гленн Дубин ч Эпштейнтэй холбоотой олон баримтад дурдагддаг аж.
Ева Андерссон-Дубин 2009 онд Эпштейний хорихын хяналтын ажилтанд “Би түүнийг хүүхдүүдийнхээ дэргэд байхад 100 хувь итгэлтэй” гэж бичиж байжээ. Маунт Синайн дотор Эпштейний хэрэгцээг нэн тэргүүнд хангахад чухал үүрэг гүйцэтгэснийг баримтууд харуулдаг байна.
2013 онд тэрбээр эмнэлгийн удирдлагад Эпштейн шөнө яаралтай тасагт очсон ч эмч нартайгаа холбогдож чадаагүй талаар бичиж, “Шөнө дунд яаралтай үед түргэн тусламж авахын тулд хэнтэй холбож болох вэ?” хэмээн асууж байжээ.
Эмнэлгийн албан тушаалтан түүнд 24/7 ажилладаг багийн утас өгч, “Тэр таныг нэрээ хэлэхэд л бүх зүйл шууд шийдэгдэнэ” гэж хариулсан байна.
“Энэ өвчтөн VIP”
Маунт Синайн эмч Жесс Тинг Эпштейнтэй холбоотой хамгийн ойрын эмч нарын нэг байжээ. Тэрбээр 2013 онд MRI шинжилгээ зохион байгуулах талаар хамт олонтойгоо и-мэйлээр ярилцахдаа “Энэ өвчтөн VIP тул бүх зүйлийг хурдан зохион байгуулах шаардлагатай. Ямар нэг саад байвал надад хэлээрэй” гэж бичсэн байна.
Түүний үйлчилгээ зөвхөн эмнэлэг доторхиор хязгаарлагдаагүй бөгөөд Эпштейний Нью-Йорк дахь гэрт очиж үзлэг хийх, бүр Карибын тэнгис дэх хувийн аралд нь очсон тохиолдол ч баримтад дурдагджээ.
Эх сурвалж: CNN