Дархан, Эрдэнэт хотуудын айл өрхүүдийн халаалт хэвийн байх эсэх, үйлдвэрүүдийн яндан утаа савсах эсэх, хойд бүсийн эрчим хүчний систем тасалдахгүй ажиллах эсэх өнөөдөр ганц уурхайгаас шууд хамаарах хэмжээнд хүрчээ. Тэр уурхай бол 61 жилийн түүхтэй Шарын голын нүүрсний уурхай. Өнөөдөр тус уурхай хаалгаа барих ирмэг дээр ирсэн байна.

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд орших энэхүү уурхай өнгөрсөн онд 1.5 сая тонн нүүрс олборлож, Дархан, Эрдэнэт хот болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийг 100 хувь нүүрсээр хангажээ. Гэвч нийлүүлсэн нүүрснийхээ мөнгийг өнөөдрийг хүртэл бүрэн авч чадаагүйгээс санхүүгийн хямралд орж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар Дархан, Эрдэнэт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн дулааны цахилгаан станцууд Шарын голын уурхайд нийт 22.5 тэрбум төгрөгийн өртэй байгаагаас 15.3 тэрбум нь хугацаа хэтэрсэн өр ажээ.

“Бид эцэстээ тулчихаад байна”

Уурхайд очиход олборлолтын ажил үргэлжилж байсан ч төлөвлөгөөнөөсөө бүтэн нэг сараар хоцорсон талаар "Шарын гол" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан ярьж байлаа. Өвлийн бэлтгэл хангахын тулд аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд 1.3 сая тонн нүүрс нээх шаардлагатай. Үүний тулд зургаан сая метр куб хөрс хуулалт хийх ёстой ч уурхайн санхүүгийн нөхцөл байдал ийм боломж олгохгүй болжээ.

“Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан “Өвөл болдгоороо болно. Харин өвлийн бэлтгэл хийх ёстой зуны хэдхэн сардаа бид мөнгөгүйгээс болж зогсолт хийж байна. Дөрөвдүгээр сард түлшний үнээс болоод 14 хоног тэг зогсолт хийсэн. Энэ чигээрээ үргэлжилвэл аравдугаар сараас хойш хойд гурван станц руу нүүрс нийлүүлэх боломжгүй болно” гэсэн юм.

Түүний хэлснээр, уурхай Засгийн газар, салбарын яамд болон холбогдох байгууллагуудад нөхцөл байдлаа танилцуулсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэл ирээгүй байгаа аж.

Түлшний үнэ уурхайг сөхрүүлж байна

Санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж буй гол хүчин зүйл бол дизель түлшний үнэ. Эрчим хүчний зохицуулах хороо дизель түлшний үнийг 2650 төгрөгөөр тооцож, тариф баталсан ч өнөөдөр уурхай нэг литр түлшийг 4450 төгрөгөөр авч буй юм байна. Өөрөөр хэлбэл, литр тутамд 1800 төгрөгийн алдагдал хүлээж буй гэсэн үг.

Шарын голын уурхай хоногт 23,500 литр түлш хэрэглэдэг. Ингэснээр зөвхөн түлшний үнийн зөрүүнээс хоногт 42 сая төгрөг, сард 1.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж.

Үүн дээр тос, тосолгооны материалын үнэ 40 хувь, тэсрэх бодисын үнэ 70 хувь өссөн нь нэмэгдэж, сэлбэг нийлүүлэгчид хүртэл зээлээр бараа өгөхөө больжээ. Өнөөдөр уурхай зөвхөн түлш нийлүүлэгч компанидаа зургаан тэрбум төгрөгийн өртэй болсон байна.

“Шарын гол” говийн уурхайнуудын ажилчин бэлтгэдэг газар болжээ

Санхүүгийн хямрал зөвхөн техник, олборлолтод бус хүний нөөцөд хамгийн хүндээр тусч байгаа аж. Нэг тонн нүүрс олборлохын тулд 12 метр куб хөрс хуулдаг хүнд нөхцөлтэй уурхай хэдий ч нүүрсний үнийг өртгөөс доогуур тогтоосоор иржээ. Үүний улмаас ажилчдын цалин, нийгмийн асуудал хойшилж, туршлагатай боловсон хүчин тогтохоо больсон байна.

Өнөөдөр уурхайн ажилчдын 70 орчим хувь нь хоёр хүрэхгүй жилийн туршлагатай шинэ хүмүүс болжээ. Туршлага суусан ажилчид илүү өндөр цалинтай говийн уурхай руу шилжин явдаг байна.

Зарим уул уурхайн компанийн ажлын зар дээр хүртэл “Шарын голын уурхайд ажиллаж байсан бол давуу тал болно” гэж бичдэг болсон нь тус уурхай үндсэндээ говийн уурхайнуудад мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг “дамжаа” болон хувирсныг илтгэж буй юм.