Дэлхийн санхүүгийн зах зээл дээр алтны үнэ тавдугаар сарын 26-ны өдөр буурч, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав. Шинжээчдийн үзэж буйгаар, газрын тосны үнэ өсөж, инфляц дахин эрчимжих эрсдэл нэмэгдсэн нь үнэт металлын зах зээлд дарамт учруулжээ.
“WAM” агентлагийн мэдээлснээр, спот алтны үнэ нэг унц нь 0.6 хувиар буурч, 4,542.20 ам.доллар болсон байна. Харин АНУ-ын зургадугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ 0.4 хувиар өсөж 4,542.80 ам.долларт хүрчээ. Мөн спот мөнгөний үнэ 1.6 хувиар буурч, нэг унц нь 76.84 ам.доллар болсон бол цагаан алт 1,952.56 ам.доллар, палладийн үнэ 1,381.27 ам.доллар болж тус тус унасан байна.
Олон улсын зах зээл дээр алтны үнэ ийнхүү савлах болсон нь Ойрхи Дорнод дахь геополитикийн нөхцөл байдалтай шууд холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж буй юм. Ялангуяа АНУ болон Ираны хоорондын энхийн хэлэлцээний хувь заяа тодорхойгүй байгаа нь газрын тосны нийлүүлэлтэд эрсдэл үүсгэж, улмаар нефтийн үнийг өсгөжээ.
Олон улсын мэдээллийн Reuters агентлагийн мэдээлснээр, АНУ Ираны эсрэг шинэ цэргийн ажиллагаа явуулсан тухай мэдээлэл гарсны дараа Brent төрлийн газрын тосны үнэ 4 гаруй хувиар өссөн байна. Ингэснээр дэлхийн зах зээл дээр инфляц урт хугацаанд өндөр хэвээр байх эрсдэл нэмэгдэж, Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ бууруулах бус, эсрэгээр нь нэмэгдүүлэх магадлал өссөн гэж шинжээчид дүгнэжээ.
Ерөнхийдөө өндөр инфляц болон өссөн хүү алтанд сөрөг нөлөө үзүүлдэг. Учир нь, алт өөрөө хүүгийн орлого өгдөггүй хөрөнгө учраас бондын өгөөж өсөх үед хөрөнгө оруулагчид алтнаас илүү өгөөжтэй актив руу шилжих хандлагатай байдаг. Энэ удаад ч АНУ-ын төрийн сангийн бондын өгөөж өсөж, ам.долларын ханш чангарсан нь алтны үнийг дарамталжээ.
Гэсэн ч зах зээл дээр тодорхойгүй байдал өндөр хэвээр байна. Зарим хөрөнгө оруулагчид АНУ–Ираны хэлэлцээ эерэг үр дүнд хүрвэл газрын тосны үнэ буурч, инфляцын дарамт саарах боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ тохиолдолд алт дахин “аюулгүй хөрөнгө” хэлбэрээр эрэлт татах магадлалтайг шинжээчид онцолж байна.
Сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр алт, газрын тос хоёрын уялдаа улам хүчтэй ажиглагдаж байна. Газрын тосны үнэ өсөх үед тээвэр, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, улмаар инфляц хурдасдаг. Харин инфляц өсөх тусам төв банкууд бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалах шаардлагатай болдог нь алтны эрэлтийг сулруулдаг.
Үүний зэрэгцээ зарим шинжээч алтны урт хугацааны төлөвийг өөдрөгөөр харж байна. Швейцарын UBS банк оны эцсийн алтны үнийн төсөөллөө бага зэрэг бууруулсан ч дэлхийн геополитикийн эрсдэл, төв банкуудын алтны худалдан авалт өндөр хэвээр байгаа нь үнэт металлыг дэмжинэ гэж үзжээ.
Ийнхүү дэлхийн зах зээл дээр алтны үнэ зөвхөн эрэлт нийлүүлэлтээс бус, геополитик, инфляц, газрын тос болон мөнгөний бодлогын хүлээлттэй шууд хамааралтай хэвээр байна. Ойрын өдрүүдэд АНУ-ын инфляцын шинэ үзүүлэлтүүд болон Ойрхи Дорнодын нөхцөл байдал алтны ханшийн дараагийн хөдөлгөөнийг тодорхойлох гол хүчин зүйл болох төлөвтэй байна.
Эх сурвалж: REUTERS, GUARDIEN, ECONOMIC TIMES