Оросын цэргүүд тавдугаар сарын 25-ны даваа гаргийн орой болон шөнө Украин руу “Искандер” төрлийн хоёр пуужин, мөн 122 дрон харважээ. Энэ тухай Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин Telegram сувгаараа дамжуулан мэдээлсэн байна. Тэдний мэдээлснээр, Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд ОХУ-ын 111 дроныг Украины хойд, өмнөд болон зүүн бүсүүдэд устгаж, мөн саатуулжээ.

Украины цэргүүд Киевийн цагаар тавдугаар сарын 26-ны өглөөний 08:00 цагийн орчимд “11 байршилд цохилтын дрон болон пуужин туссан нь тогтоогдсон. Мөн устгасан дронуудын хэлтэрхий гурван байршилд унасан” гэж мэдэгдсэн байна.

Үүний дараа ч Украины Агаарын цэргийн хүчин Telegram сувагтаа Украины янз бүрийн бүс нутаг руу пуужин, дрон болон удирдлагатай агаарын бөмбөг (КАБ) харваж буй талаарх мэдээллүүдийг үргэлжлүүлэн нийтэлжээ.

Одессад тавдугаар сарын 25-ны орой болсон пуужин, дроны хосолсон довтолгооны улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн шархадсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. Дэд бүтцийн нэг объект болон ойролцоох орон сууцуудын шил, фасад гэмтжээ.

Киев дэх халдлагын хохирогчдын тоо нэмэгдэв

Мөн Киев хотын Шевченковскийн дүүрэгт тавдугаар сарын 24-нд шилжих шөнө болсон агаарын хүчтэй цохилтын улмаас хэсэгчлэн нурсан байшингийн нуранги дороос дахин нэг хүний цогцсын хэсгийг гаргаж авсан байна. Ингэснээр уг халдлагын улмаас амиа алдсан хүний тоо гурав болж өсжээ. Украины нийслэлд 90 гаруй хүн шархадсан байна.

Тэр үед Орос улс Украин руу “Орешник” зэрэг төрөл бүрийн 90 пуужин болон 600 дрон харвасан аж. Киев хотод Шевченковскийн дүүргийн орон сууцнаас гадна олон барилга байгууламж гэмтжээ. Тухайлбал, “Лукьяновская” метроны буудлын ойролцоох “Квадрат” худалдааны төв бүрэн шатаж, метроны буудал ч мөн гэмтсэн байна. Deutsche Welle-ийн Киев дэх оффисын цонх, тааз цохилтын долгионы улмаас эвдэрчээ.

Германы канцлер Фридрих Мерц “Цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх зориулалттай” “Орешник” пуужингаар Украинд цохилт өгснийг “хариуцлагагүй хурцадмал байдал” хэмээн нэрлэсэн байна.

Орос улс Киевт дахин хүчтэй цохилт өгөхөөр сүрдүүлэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тавдугаар сарын 25-ны орой АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярихдаа Орос улс Киев дэх объектууд, тэр дундаа “шийдвэр гаргах төвүүд”-д “системтэй бөгөөд дараалсан цохилт” өгч эхэлж байгаа талаар мэдэгджээ. Москва мөн гадаадын Элчин сайдын яамдад Украины нийслэлээс нүүж, шилжихийг зөвлөсөн байна.

Украин дахь Европын Холбооны Элчин сайд Катарина Матернова дгээр мэдэгдлийг “хоёр нүүрт байдлын оргил” хэмээн нэрлэжээ. Тэрбээр “Олон жилийн турш орон сууц, музей, төрөх эмнэлэг, сургууль болон цахилгаан станцуудыг бөмбөгдөж ирсэн дэглэм гэнэт олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон Женевийн конвенцийн хэлээр ярьж эхэллээ” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW