АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал (ЗХТК) тавдугаар сарын 26-ны мягмар гарагт шилжих шөнө Ираны өмнөд хэсэг дэх байнуудад цохилт өгсөн тухай мэдээлжээ. Үүнд пуужин харвах талбайнууд болон тэнгист мина байрлуулахыг завдсан хөлөг онгоцууд багтсан байна.

Эдгээр цохилтыг АНУ-ын тал “хамгаалалтын шинжтэй ажиллагаа” бөгөөд “Ираны хүчний учруулж буй аюулаас америк цэргүүдийг хамгаалахад чиглэсэн” гэж тодорхойлжээ.

Америкийн хэвлэлүүдийн иш татсанаар, ЗХТК-ын албан ёсны төлөөлөгч Тим Хокинс “АНУ-ын Төв командлал хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гал зогсоох дэглэмийн хүрээнд тэвчээртэй байр суурь баримталж байгаа ч манай цэргүүдийн аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хангаж байна” гэж мэдэгдсэн байна.

Иран дахь гал зогсоох дэглэм ба боломжит энхийн хэлэлцээр

АНУ болон Ираны тохиролцсон гал зогсоох дэглэм дөрөвдүгээр сарын 8-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж буй билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 25-нд Truth Social сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ “Исламын Бүгд Найрамдах Улстай хийж буй энхийн хэлэлцээ маш амжилттай өрнөж байна” хэмээн бичжээ.

Мөн тэрбээр “Бүгдэд ашигтай гайхалтай хэлэлцээр байгуулна, эсвэл ямар ч тохиролцоо байхгүй бөгөөд дахин дайн тулаан, буудалцаан руу шилжинэ. Тэгэхдээ өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэй, илүү хүчтэй байх болно. Үүнийг хэн ч хүсэхгүй!” хэмээн анхааруулсан байна.

Эх сурвалж: DW