Орос улс Киев хотод, тэр дундаа “шийдвэр гаргах төвүүд” болон “командын байрлал”-д шинэ цохилт өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдэж, мөн гадаадын иргэд болон дипломат ажилтнуудыг хотоос гарахыг дахин уриалав. ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ талаар тавдугаар сарын 25-ны даваа гарагт мэдэгдэл тараасан байна.

Тус мэдэгдэлд “ОХУ-ын Зэвсэгт хүчин Киев дэх Украины батлан хамгаалах үйлдвэрлэлийн цогцолборын объектуудад системтэй цохилт өгөх ажиллагааг эхлүүлж байна. Үүнд нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн зураг төсөл боловсруулах, үйлдвэрлэх, программчлах болон ашиглалтад бэлтгэхтэй холбоотой тодорхой байгууламжууд багтаж байна” гэжээ.

Москва гадаадын иргэдийг Киевээс гарахыг дахин уриалав

Москва “Дээр дурдсан объектууд Киев хотын өнцөг булан бүрт тархсан” тул гадаадын иргэд, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг “аль болох хурдан” хотоос гарахыг уриалсан байна.

Мөн Украины нийслэлийн оршин суугчдыг “цэргийн болон захиргааны дэд бүтцийн объектууд руу ойртохгүй байх”-ыг анхааруулжээ.

Үүнээс өмнө өөрийгөө тунхагласан “Луганскийн Ардын Бүгд Найрамдах Улс”-ын эрх баригчид болон Москва Украины Зэвсэгт хүчнийг тавдугаар сарын 22-нд шилжих шөнө Старобельск хот дахь Луганскийн улсын багшийн их сургуулийн сургалтын байр болон оюутны дотуур байранд дроноор халдсан гэж буруутгасан юм.

ОХУ-ын Гадаад хэргийн яам уг халдлагыг “тэвчээрийн хязгаарыг давуулсан хэрэг” хэмээн мэдэгдсэн байна.

ОХУ Киев рүү олон арван пуужин, хэдэн зуун дрон харвав

Үүний зэрэгцээ тавдугаар сарын 24-нд шилжих шөнө Оросын Зэвсэгт хүчний Киев рүү довтолсон нь Украинд өргөн цар хүрээтэй дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй халдлагуудын нэг болсон талаар AFP агентлаг онцолжээ.

Орос улс Украин руу олон арван пуужин, хэдэн зуун дрон харвасны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдан, Киев хотын олон объект эвдэрч сүйдсэн байна. Мөн Deutsche Welle (DW) агентлагийн Киев дэх оффис өртөж, дэлбэрэлтийн долгионы улмаас хотын төв дэх байрны цонх, тааз гэмтжээ.

Оросын ашигласан зэвсгийн дунд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай “Орешник” баллистик пуужин байсан аж.

Украины Агаарын хүчний мэдээлснээр, тавдугаар сарын 24-нд шилжих шөнө Оросын тал Украин руу нийт 90 далавчит болон баллистик пуужин харваж, мөн 600 цохилтын дрон ашигласан байна.

Москва өмнө нь ч нүүлгэн шилжүүлэхийг уриалж байв

Украины Соёлын сайд Татьяна Бережная Facebook хуудастаа "Уг халдлагын улмаас Үндэсний дүрслэх урлагийн музей, “Чернобыль” үндэсний музей, Үндэсний филармони, Үндэсний хөгжмийн академи, Ярослав Мудрын нэрэмжит номын сан, Киевийн дуурийн театр, мөн Контрактын ордон, Шуудангийн станц зэрэг архитектурын дурсгалт барилгууд гэмтсэн" гэж бичжээ.

AFP агентлагийн сануулснаар, энэ оны тавдугаар сарын эхээр Орос улс Киевийн төвд хүчтэй цохилт өгөхөөр заналхийлэхдээ мөн гадаадын иргэд болон дипломат ажилтнуудыг нүүж шилжихийг уриалж байсан аж. Тухайн үед Москва "Украин тавдугаар сарын 9-ний Улаан талбайн цэргийн парадыг тасалдуулах аваас хариу арга хэмжээ авна" гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: DW