Дархан хот өнөөдөр ганцхан дулааны эх үүсвэрээс бүрэн хамааралтай байна. Улаанбаатар хотын хувьд хэд хэдэн дулааны цахилгаан станцтай учир нэг нь доголдсон тохиолдолд нөгөөгөөр нөхөх боломжтой байдаг. Харин Дархан хотод ийм сонголт үгүй. Хотын бүх дулаан, халуун ус, эрчим хүчний гол ачааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК дангаараа үүрч байна.

1965 онд ашиглалтад орсон тус станц өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж, Дархан хотыг дулаан, халуун ус, үйлдвэрлэлийн уураар хангаж иржээ. Мөн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ Төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг стратегийн чухал объект юм.

Станц нийт 83 МВт хүчин чадалтай. БКЗ-75-39ФБ маркийн цагт 75 тонн уур боловсруулах хүчин чадалтай есөн зуух, тус бүр 12 МВт хүчин чадалтай дөрвөн турбин, мөн 35 МВт-ын нэг турбин генератортой. Жилд дунджаар 430-470 мянган тонн нүүрсийг Шарын гол болон Багануурын уурхайгаас худалдан авч, 447 сая киловатт цахилгаан эрчим хүч, 1.196 сая гигакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг.

Тус станц 110 кВ-ын шугамаар Дарханы 220 кВ-ын дэд станц, Сүхбаатар, Ерөө, Шарын голын уурхайтай холбогддог бол 35 кВ болон 6 кВ-ын шугамаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчээр хангадаг байна.

Насжилт хэтэрсэн станц

Дарханы ДЦС анх 120 мянган цаг ажиллах нөөцтэйгээр баригдсан ч өнөөдөр турбин генераторууд нь 288-359 мянган цаг ажиллажээ. Өөрөөр хэлбэл, ашиглалтын хугацаа гурав дахин хэтэрсэн байна. Үйлдвэрлэгчээс ашиглахыг хориглосон ч засвар хийж, аргацаан ажиллуулж буйг инженерүүд өгүүлж байлаа.

Станцын есөн зуух хамгийн багадаа 100 мянга, зарим нь 250 мянган цаг ажиллажээ. Дөрвөн жил тутамд урсгал засвар хийх ёстой ч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан бүрэн хэмжээний засвар хийх боломжгүйд хүрчээ.

ДДЦС ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Батжаргал

ДДЦС ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Батжаргал “Тарифын асуудлаас болоод засваруудаа бүрэн хийж чадахгүй байна. Урьд нь жилдээ хоёр зуух засдаг байсан бол одоо нэг зууханд л хэсэгчлэн засвар хийдэг болсон. Зарим засвар 75-80 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна" гэсэн юм.  

Өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр зуухны их засвар дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж, буулгалтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа бол гуравдугаар турбин генераторын их засвар тавдугаар сарын 20-ноос эхэлжээ. Гэсэн ч энэ бүхэн зөвхөн “гал унтраах” хэмжээнд хийгдэж байгааг хэлж байна.

Хэрэглээ өсөж, хүчин чадал таазандаа хүрэв

Дархан хот жилээс жилд өргөжин тэлж, хүн ам, үйлдвэрлэл, орон сууцны хэрэглээ эрчимтэй өсөж буй. Зөвхөн 2025 онд гэхэд 3800 орчим хүн Дархан хотод шилжин ирж, 1300 айлын шинэ орон сууц ашиглалтад оржээ.

2021 оноос хойш Дархан-Уул аймгийн төсвийн орлого гурав дахин өсөж, эдийн засаг нь хоёр дахин тэлсэн байна. Үүнийг дагаад дулааны хэрэглээ эрс нэмэгдэж, одоогийн тооцоогоор 2027 онд дулаан үйлдвэрлэлийн дээд хязгаарт хүрэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл, өнөөгийн ганц эх үүсвэрээр цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах боломж улам хумигдаж байгаа аж.

Эрчим хүчний үнийг улс төрөөр барьсны уршиг

Салбарын хамгийн том хүндрэл бол тарифын асуудал. Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үнийг 35,658 төгрөгөөс 64,390 төгрөг болгон нэмэх шаардлагатай гэж үзсэн ч Засгийн газар улс төрийн шалтгаанаар хоёр удаа хойшлуулжээ.

Үүний улмаас дулааны станцууд өртөг зардлаа нөхөж чадахгүй, өрөнд орж, засвар үйлчилгээгээ хэвийн хийх боломжгүй болсон байна.

Дарханы ДЦС-ын нийт зардлын 70 хувийг нүүрс болон ажилчдын цалин эзэлдэг. Компанийн хувьд 493 ажилтантай байх ёстой ч өнөөдөр 462 хүнтэй ажиллаж байна. Тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд шинэ хүн авч чадахгүй, 31 орон тооны дутагдалтай ажиллаж байгаа аж.

Мэргэшсэн инженер, техникийн ажилтан олдохоо больж, залуу боловсон хүчин тогтворгүй болсон нь салбарын бас нэг том эрсдэл болжээ.

Өр зээл, сэлбэгийн хомсдол

Тоног төхөөрөмжийн ихэнх сэлбэгийг ОХУ-аас нийлүүлдэг. Гэвч инфляц, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан үнэ эрс өссөн байна. Нөгөө талдаа санхүүгийн боломжгүйгээс Шарын голын уурхайгаас авсан нүүрсний төлбөрт 22 сая төгрөгийн өр үүсчээ.

Станц өөрсдийн хэмжээнд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, конторын хэрэглээгээ нарны эрчим хүчээр шийдэх, шинэ хүн авахгүй байх зэрэг арга хэмжээ авч байгаа ч энэ нь асуудлыг үндсээр нь шийдэхгүйг тус станцын удирдлагууд хэлж байна.

Шинэ станц барих зайлшгүй шаардлага 

Дархан хотын эрчим хүчний хоёрдогч эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яам, Дархан-Уул аймаг, Дарханы ДЦС болон Дархан дулааны сүлжээ хамтран боловсруулжээ. ТЭЗҮ-д:

150 МВт цахилгаан үйлдвэрлэх чадалтай, 200-240 гигакалори дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ дулааны цахилгаан станц барих хоёр хувилбар тусгагдсан байна.

Дарханы ДЦС-ын гүйцэтгэх удирдлагуудын үзэж буйгаар, шинэ станц барихад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой аж.

Ирэх өвөл Дархан эрсдэлтэй нүүр тулах нь

Өнөөдөр Дархан хотын бүх дулаан ганц эх үүсвэрээс хамаарч байна. Харин тэр эх үүсвэрийн тоног төхөөрөмж ашиглалтын хугацаагаа хэдийнэ давж, байнгын засвар, аргацаалт дор ажиллаж буй нь бодит үнэн болжээ.

Хэрэв томоохон гэмтэл гарвал Дархан хот бүхэлдээ дулаангүй болох эрсдэл бодитоор тулгарч байгаа аж. Олон жил улс төрийн зорилгоор эрчим хүчний үнийг хүчээр барьж ирсэн бодлогын үр дагавар өнөөдөр ийнхүү салбарын аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрчээ. Дархан хотын хувьд шинэ эх үүсвэр барих асуудал цаашид сонголт биш, зайлшгүй шаардлага болоод байна.

May be an image of text

Д.ЭРДЭНЭТУЯА