ОХУ-ын зэвсэгт хүчин тавдугаар сарын 3-нд шилжих шөнө Украин улсын нутаг дэвсгэр рүү дахин довтолжээ. Үүний улмаас Херсон хотод нэг, Одессад хоёр хүн амиа алдсан талаар тухайн мужуудын цэргийн захиргааны удирдлагууд мэдээлсэн байна.

Херсон мужийн цэргийн захиргааны дарга Александр Прокудин "ОХУ-ын цэргүүд Херсон хотын Днепровский дүүрэгт иргэний тээврийн хэрэгсэл рүү дахин цохилт өгч, нэг эрэгтэй амиа алдаж, өөр гурван эрэгтэй, нэг эмэгтэй шархадсан" гэж мэдэгджээ. Өмнөх өдөр нь мөн энэ дүүрэгт маршрутын таксийг онилсон халдлага болж, хоёр хүн амь үрэгдсэн байна.

Одесса мужийн захирагч Олег Киперийн мэдээлснээр, довтолгооны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархаджээ. Тэрбээр “Одессын дүүрэгт дайсны нисгэгчгүй төхөөрөмжүүдийн цохилт гурван орон сууцанд туссан, өөр хоёр барилга гэмтсэн. Мөн боомтын дэд бүтцийн байгууламж, тоног төхөөрөмжүүд эвдэрсэн” гэж бичиж, гарсан галыг хэдийнэ унтраасан талаар нэмж дурдсан байна.

Мөн Днепропетровск мужийн Никополь дүүрэгт нэг хүн шархадсан талаар тус мужийн цэргийн захиргааны дарга Александр Ганжа мэдээлжээ. Түүний хэлснээр, тус дүүрэгт ОХУ-ын зэвсэгт хүчин арав гаруй удаа цохилт өгсөн байна.

Украины Зэвсэгт хүчний Агаарын хүчний мэдээлснээр, тавдугаар сарын 3-нд шилжих шөнө ОХУ нэг баллистик пуужин болон 268 нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) харваснаас 160 орчим нь Shahed төрлийн дрон байсан аж.

Тавдугаар сарын 3-ны өглөөний 08:00 цагийн байдлаар 249 дрон устгасан буюу саармагжуулсан байна. Мөн Агаарын хүчин “Нэг баллистик пуужин болон 19 довтлогч дрон 15 байршилд туссан, мөн нэг байршилд хэлтэрхий унасан нь бүртгэгдсэн” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: DW