Reuters агентлаг Монголын нүүрсний экспорт Хятадад огцом өсөж, Индонезийг давсан талаар мэдээлснийг бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна.  

Тус агентлагийн нийтлэлд "Хятадын нүүрсний импортын статистикаас үзвэл, Монголын нүүрсний нийлүүлэлт дөрөвдүгээр сард огцом өсөж, дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч болох Индонезийг түр хугацаанд давав.

Тодруулбал, Монголоос Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 11.33 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн байна. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс Индонезийг (11.12 сая тонн, жилийн дүнгээр 22 хувиар буурсан) давсан гэж Хятадын Гаалийн ерөнхий газрын мягмар гарагт гаргасан мэдээлэлд дурджээ.

Гэвч 2026 оны эхний дөрвөн сарын нийлбэр дүнгээр Индонез 61.43 сая тонноор тэргүүлсэн хэвээр байгаа бол Монгол 39.37 сая тонн нүүрс нийлүүлсэн байна. Энэ хугацаанд Монголын экспорт 61 хувиар өссөн нь онцлох үзүүлэлт болжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Хятадын дотоодын нүүрсний олборлолт нэмэгдэж, дотоод үнэ буурсан нь Индонезийн бага илчлэгтэй нүүрсний өрсөлдөх чадварыг сулруулсан байна. Signal Ocean энэ талаар тайлбарлахдаа Хятадын далайн эргийн зах зээлд импортын нүүрсний эрэлтэд өөрчлөлт орж байгааг онцолжээ.

Мөн Индонез улс нүүрс болон бусад гол түүхий эдийн экспортын бодлогоо төрийн компаниар дамжуулан төвлөрүүлэх шинэ төлөвлөгөө зарласан нь зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж, хөрөнгө оруулагчдыг түгшээсэн байна. Энэ нь цаашид Индонезийн нүүрсний экспортод хэлбэлзэл нэмэгдэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байгаа аж.

Үүнтэй зэрэгцэн Хятадын бусад гол нийлүүлэгчдийн экспорт буурсан байна. ОХУ-ын нийлүүлэлт 30 хувиар, Австралийнх 39 хувиар тус тус буурчээ.

Нийт дүнгээр Хятадын нүүрсний импорт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14 хувиар буурч, 33.1 сая тонн болсон бол оны эхнээс хойших импортын нийлбэр 2.1 хувиар буурч, 149.4 сая тонн болсон байна" гэжээ. 

Эх сурвалж: REUTERS