Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гаалийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Тодруулбал, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Гаалийн газар болон Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд Монгол Улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тэдгээр албан тушаалтнууд зарим аж ахуйн нэгжийн ашиг сонирхолд нийцүүлэн хуульд заасан үүргээ зөрчиж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн, улмаар үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан, мөн хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байгаа аж.

Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах зэрэг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн шалгалт явуулж буй юм байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу өнөөдрийн байдлаар 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргээс нь түдгэлзүүлжээ. Мөн зарим албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах буюу хилийн хориг тавих, цагдан хорих зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.