Персийн булан дахь дайнаас үүдэлтэй түлшний хямрал бизнесийн салбарт олон тэрбум долларын алдагдал авчирч байна. Олон улсын корпорациуд их хэмжээний алдагдал хүлээхэд бэлдэж, зардлаа бууруулахын тулд бүхий л арга хэмжээг авч байна. Бараа, үйлчилгээний зах зээл дээр хэрэглэгчдийг юу хүлээж байгаа талаар РИА Новости мэдээлэв.

Хүн бүр хохирч байна

"Reuters" агентлаг "Дэлхийн нийт хохирол хэдийнэ 25 тэрбум ам.доллар давж, цааш өссөөр байна" гэж мэдээлжээ. Газрын тосыг зүгээр ч нэг “эдийн засгийн цус” гэж нэрлэдэггүй - өчүүхэн өсөлт ч асар их зардал үүсгэдэг.

Жишээлбэл, АНУ-ын өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч Newell Brands компанийн Санхүү хариуцсан захирал Марк Эрсегийн хэлснээр, баррель тутамд газрын тосны үнэ 1 доллароор нэмэгдэхэд компани жилдээ 5 сая долларын нэмэлт зардал хүлээдэг байна.

Германы Continental дугуй үйлдвэрлэгч хоёрдугаар улиралд түүхий эдийн үнийн өсөлтөөс болж дор хаяж 100 сая евро (117 сая ам.доллар) алдах төлөвтэй байгаа аж.

McDonald’s компани бензиний өндөр үнэ бага орлоготой өрхүүдэд хүчтэй дарамт болж, рестораны үйлчлүүлэгчдийн урсгалыг бууруулж байгааг онцолжээ.

АНУ-ын Whirlpool компанийн захирал Марк Битцер одоогийн аж үйлдвэрийн уналтыг дэлхийн санхүүгийн хямралтай дүйцэхүйц гэж үзэж байгаа аж. Энэ нь Иран дахь дайны үр дагавар Украины мөргөлдөөн болон цар тахлын үлдэгдэлтэй давхацсантай холбоотой гэж тайлбарлажээ. Үүний улмаас хүмүүсийн худалдан авалт багассан байна.

Оросын Экспортын төвийн шинжээч Сергей Варфоломеев "Агаарын тээвэр, автомашин үйлдвэрлэлээс эхлээд ахуйн хэрэглээ, химийн бүтээгдэхүүн хүртэл бүх салбар хохирч байна" гэж хэлжээ.

Европын бизнес хамгийн их хүнд байдалд орж, 130 корпорац үнэ нэмэх болон зардал бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Ази тивд 61, АНУ-д 59 компани ийм байдалтай байгаа аж.

Procter & Gamble компани 1 тэрбум долларын алдагдал хүлээжээ, Toyota 4.3 тэрбум долларын алдагдалтай байгаа бол агаарын тээврийн компаниуд нийт 15 тэрбум долларын орлого алдаж, онгоцны түлшний үнэ бараг хоёр дахин өссөн байна. Харин эрчим хүчний компаниуд л ашигтай ажиллаж байгаа аж.

Албадмал хариу арга хэмжээ

Энергийн үнэ өсөх, логистикийн хүндрэлүүд нь компаниудыг ногдол ашиг зогсоох, хувьцаа буцаан худалдан авахыг зогсоох, ажилтнуудыг цалингүй амралтад гаргах, түлшний нэмэгдэл үнэ тогтоох зэрэг таагүй арга хэмжээнд хүргэж буй юм байна. Зарим компани төрийн тусламж хүсэхэд хүрчээ.

Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн нефтийн тавны нэг дамждаг энэ замд томоохон шок үүссэн гэж шинжээчид тайлбарлаж байна.

Газрын тосны үнэ 50 хувиар өсөхөд нефть-химийн бүтээгдэхүүнүүд (полиэтилен, бордоо, хөнгөн цагаан, хагас дамжуулагчийн хий гелий хүртэл) дагаад 40-60 хувь өсдөг. Агаарын тээвэр, химийн үйлдвэрлэл, металлург зэрэг энерги их шаарддаг салбарууд үнэ өсгөх, үйлдвэрлэлээ бууруулах, эсвэл хөрөнгө оруулалтаа царцаахад хүрдэг аж.

Зарим салбарууд “дайны нэмэгдэл үнэ” хүртэл нэмж буй юм байна. Өмнөх хямралуудын туршлагаас харахад ийм нэмэгдлийн 20-30 хувь нь хямрал дууссаны дараа ч хэвээр үлддэг.

Үр дагавар

Хямралын үргэлжлэх хугацаанаас хамаарч нийт алдагдал тодорхой болно. Хэрэв хурдан зохицуулбал нефтийн үнэ 70-75 долларт буцаж очно. Хэрэв сунжирвал 80-100 доллар, бүр бүрэн хаагдвал 120-200 доллар хүрч магадгүй гэж шинжээчид үзэж байна. Энэ нь инфляци өсөж, эдийн засгийн өсөлт удаашрах “стагфляци”-д хүргэж болзошгүй аж.

Одоогийн байдлаар эрчим хүч их шаарддаг салбарууд ашиг буурч байгаа талаар тэмдэглэж байна. Шатахууны зардал нэмэгдсэний улмаас зам өөрчлөх (Африкийн “Сайн Найдварын хошуу”-г тойрох гэх мэт) шаардлагатай болж, тээврийн хугацаа 7-15 хоногоор сунгагдаж байгаа аж.

Хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө

Эхний үед: бензин, дизель шатахуун 1-2 сарын дараа: онгоцны билет, тээвэр, логистик. Намар: хүнсний инфляци. Ирээдүйд: хүнс: +5-10 хувь, онгоцны билет: +10-25 хувь, цахилгаан бараа: +3-8 хувь,  бордоо, тээвэр: +8-15 хувь, хуванцар, хувцас, эм: +10-30 хувь өсөх төлөвтэй байгаа аж. 

Эх сурвалж: RIA NOVOSTI