Украины Ерөнхийлөгч Владимир Зеленск "Орос улс тавдугаар сарын 24-ний ням гарагт шилжих шөнө сүйтгэх асар их чадлаараа айдас төрүүлдэг, дунд тусгалын баллистик “Орешник” пуужинг дахин ашиглаж, Киев хотын захын бүсэд анх удаа цохилт өглөө" гэж өөрийн Telegram сувгаараа дамжуулан мэдээлжээ.
Түүний хэлснээр, Владимир Путин Киев мужийн томоохон хот болох Бела Церквад пуужингийн цохилт өгсөн байна. Зеленский энэхүү үйлдлийг “хариуцлагагүй” хэмээн нэрлээд, "Оросын хувьд энэ явдал үр дагаваргүй өнгөрөх ёсгүй" гэж онцолжээ. Харин Бела Церквад учирсан хохирлын хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Зеленский “Оросын гурван пуужин усан хангамжийн байгууламжийг чиглэсэн. Путин захыг шатааж, олон арван орон сууцыг гэмтээж, хэд хэдэн энгийн сургуулийг сүйтгэлээ. Мөн ‘Орешник’-ээ Бела Церква руу харвасан. Үнэхээр эрүүл ухаангүй үйлдэл” хэмээн бичжээ. Түүний хэлснээр, Орос-Украины дайны туршид “Орешник” пуужинг ийнхүү гурав дахь удаагаа ашиглаж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч “Бүрэн хэмжээний дайн эхлээд тав дахь жилдээ үргэлжилж байна. Анхны мөчөөсөө л энэ бол Оросын өдөөн хатгалга, террорист шинжтэй дайн байсан. Бид энх тайван тогтоож, хүмүүсээ хамгаалахын төлөө боломжтой бүхнийг хийж байна. Украин ганцаардаж үлдэх ёсгүй. АНУ, Европ болон бусад орнууд тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байна. Тэгж байж л Москва дахь тэр ‘Орешник’ пуужинг барьсан хүмүүс ‘энх тайван’ гэдэг үгийг хэлж мэднэ” хэмээн онцолжээ.
Үүнээс өмнө Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний харилцаа холбооны газрын дарга Юрий Игнат Бела Церквад “Орешник” пуужингаар цохилт өгснийг мөн баталсан байна. Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин эхэндээ 600 дрон, 90 гаруй пуужин болон далавчит пуужин ашигласан хосолсон халдлага болсон гэж мэдээлсэн ч тухайн жагсаалтад “Орешник” пуужингийн талаар дурдаагүй аж.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам шөнийн цохилтын үеэр “Орешник”, “Искандер”, “Кинжал”, “Циркон” гэсэн дөрвөн төрлийн пуужин ашигласнаа баталжээ. Тус яамны мэдээлснээр, бүх цохилт амжилттай болсон бөгөөд Украины зэвсэгт хүчний командын төвүүд, агаарын баазууд болон цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын бусад объектуудыг онилсон байна. Москва эдгээр довтолгоог "Оросын нутаг дахь иргэний байгууламжуудад Киевээс өгсөн цохилтын хариу арга хэмжээ" гэж тайлбарлажээ.
“Орешник” пуужин нь ердийн болон цөмийн хошуу хоёуланг нь тээвэрлэх чадвартай. Цагт 12 мянган километр хүртэл хурдалж, 5000 километр хүртэл тусгалтай тул Европ тив бүхэлдээ боломжит аюулын бүсэд багтаж байгаа аж. Мөн Орос улс “Орешник” пуужинг Беларусь улсын нутаг дэвсгэрт байршуулсан байна.
Эх сурвалж: DW