Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын зэвсэгт хүчин “Орешник” нэртэй баллистик пуужин ашиглан цохилт өгөхөөр бэлтгэж байгаа талаар Украины тусгай албад мэдээлэл авсан гэж мэдэгджээ. Тэрбээр энэ тухай тавдугаар сарын 23-ны бямба гарагт өөрийн Telegram хуудастаа бичсэн байна.

Зеленскийн хэлснээр, Украины тагнуулын байгууллагууд АНУ болон Европын түншүүдээс авсан мэдээлэлдээ тулгуурлан Орос улс Украины нутаг дэвсгэр, тэр дундаа Киев хот руу янз бүрийн төрлийн зэвсэг ашигласан хосолсон цохилт хийхээр бэлтгэж буй шинж тэмдгийг илрүүлжээ.

Украины төрийн тэргүүн “Дунд тусгалын энэ төрлийн зэвсгийг уг довтолгоонд ашиглаж болзошгүй. Одоогийн байдлаар мэдээллийг нягталж байна” хэмээн онцолсон байна. Тэрбээр мөн ард иргэддээ агаарын түгшүүрийн дохиог үл тоомсорлохгүй байхыг уриалжээ.

Зеленский “Өнөө оройноос эхлэн агаарын түгшүүрийн дохионд анхааралтай хандах нь чухал. Оросын галзуурал үнэхээр хязгааргүй болсон тул иргэд та бүхэн амь насаа хамгаалж, хоргодох байранд орохыг хүсье” гэж мэдэгдэв.

“Дэлхийн хамтын нийгэмлэг урьдчилан арга хэмжээ авах ёстой”

Украины Ерөнхийлөгчийн хэлснээр, ийм төрлийн зэвсэг хэрэглэх нь дайныг улам сунжруулж, бусад түрэмгий дэглэмүүдэд буруу жишиг тогтоож болзошгүй тул АНУ болон Европ дахь холбоотнууддаа энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсжээ.

Зеленский “Хэрэв Орост ийм хэмжээний сүйрэл, хүний амь хохирол учруулахыг зөвшөөрвөл үзэн ядалтад тулгуурласан бусад дэглэмийг ямар ч хэлэлцээр түрэмгийлэл, цохилтыг зогсоож чадахгүй. Тиймээс дэлхий нийт нөхцөл байдал болсны дараа бус, урьдчилан сэргийлэх байдлаар хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Москваг дайны хүрээгээ тэлэхгүй байхад нь шахалт үзүүлэх шаардлагатай” гэж онцолсон байна.

Түүний хэлснээр, Киев агаарын довтолгооноос хамгаалах системүүдээ бэлэн байдалд оруулж байгаа бөгөөд “Оросын аливаа цохилтод шударга бөгөөд хатуу хариу өгнө” гэжээ. Тэр “Бид жагсаал, парад хийх зөвшөөрөл өгсөн болохоос Орост галзуурах зөвшөөрөл өгөөгүй. Энэ дайныг дуусгах ёстой” хэмээн нэмж дурдсан байна.

АНУ-ын Элчин сайдын яам анхааруулга гаргав

Үүний зэрэгцээ АНУ-ын Элчин сайдын яам, Киев аюулгүй байдлын нөхцөлтэй холбоотой сэрэмжлүүлэг нийтэлжээ. Элчин сайдын яам “Ирэх 24 цагийн дотор ямар ч үед томоохон хэмжээний агаарын цохилт болж болзошгүй тухай мэдээлэл авсан” гэж мэдэгдсэн байна.

Дипломат төлөөлөгчийн газрын цахим хуудаст “Агаарын түгшүүр зарлагдсан тохиолдолд АНУ-ын иргэддээ нэн даруй хоргодох байранд ороход бэлэн байхыг зөвлөж байна” хэмээн дурджээ.

Мөн иргэдэд урьдчилан хоргодох байрны байршлаа тодорхойлох, гар утсандаа сэрэмжлүүлгийн аппликэйшн суулгах, шаардлагатай үед нэн даруй хамгаалах байр руу шилжихэд бэлэн байхыг зөвлөсөн байна. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг тогтмол хянах, ус, хүнс, эмийн нөөцтэй байх, Украины эрх баригчид болон онцгой байдлын байгууллагын зааврыг мөрдөхийг анхааруулжээ.

“Орешник” пуужинг өмнө нь ашиглаж байсан

ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ оны нэгдүгээр сард Украинд “Орешник” дунд тусгалын пуужин ашигласан талаар мэдээлж байв. Энэ нь Оросын арми Украины эсрэг дайнд уг төрлийн пуужинг ашигласан хоёр дахь тохиолдол гэж үзэгдэж байгаа аж.

Үүнээс өмнө 2024 оны арваннэгдүгээр сард Оросын арми Днепр хот дахь батлан хамгаалахын үйлдвэр рүү “Орешник” пуужингаар цохилт өгч байжээ.

Эх сурвалж: DW