Белградын төв дэх Пионирскийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд эмх замбараагүй байдал дэгдэж, Сербийн их, дээд сургуулийн оюутнуудын эсэргүүцлийн жагсаал нийслэлийн төв Славия талбайд болжээ. Энэ талаар тавдугаар сарын 23-ны бямба гарагт Nova телевиз болон Associated Press агентлаг мэдээлэв.

Nova сувгийн мэдээлснээр, цагдаа нар олныг Хууль зүйн факультетийн байрны зүг шахан тарааж байсан бөгөөд парламентын ордон орчимд нулимс асгаруулагч хий цацаж, дуу чимээт гранатын дэлбэрэлт сонсогдож байсан аж. Тус хэвлэлд дурдсанаар, жагсагчид цагдаа нар руу галтай бамбар, чулуу болон гар хийцийн тэсрэх төхөөрөмж шидсэн байна.

Белградын прокурорын газраас “Өнөөдөр орой Славия талбай дахь олон нийтийн цуглааны дараа аюулгүй байдлыг хангаж байсан цагдаа нар луу халдсан бүх хүнийг тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцно” гэж мэдэгджээ. Мөн “Цагдаагийн алба хаагчид руу халдах нь эрүүгийн гэмт хэрэг” хэмээн онцлон буруушаасан байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Ивица Дачич "Эмх замбараагүй байдлын улмаас 23 хүнийг саатуулсан" гэж мэдэгдсэн байна.

AP: Цуглаанд хэдэн арван мянган хүн нэгджээ

Үүнээс өмнө оюутнуудын зохион байгуулсан жагсаалд хэдэн арван мянган хүн нэгдсэн, Ерөнхийлөгч Александар Вучичийн засгийн газар өргөн хүрээний эсэргүүцлийг дарахыг оролдсон ч хүмүүс олноор цугларсан гэж AP агентлаг тэмдэглэжээ. Оролцогчдын дийлэнх нь “Оюутнууд ялна” гэсэн уриатай футболк өмсөж, ижил агуулгатай плакат барьсан байжээ.

Тухайн өдрийн өмнө Сербийн бусад хотуудаас Белград руу автомашины цуваа ирсэн байна. Сербийн төрийн өмчит төмөр замын компани тавдугаар сарын 23-нд Белград руу болон Белградаас гарах бүх галт тэргийг цуцалж, бусад бүс нутгаас хүмүүс олноор ирэхээс сэргийлэхийг оролдсон аж.

Сербид нэг жил гаруйн турш эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилж байна

Сербид засгийн газрын эсрэг жагсаал 2024 оны арваннэгдүгээр сард Нови Сад хотын шинэчлэн засварласан төмөр замын буудлын бетон саравч нурж, 16 хүн амиа алдсаны дараа эхэлжээ. Жагсагчид энэхүү эмгэнэлт явдлын шалтгааныг авлига, барилгын ажлын хариуцлагагүй байдал болон эрх баригчдын танил тал, хээл хахуультай холбон үзэж байгаа аж. Тэд Ерөнхийлөгч Вучичийг огцруулж, парламентын ээлжит бус сонгууль явуулахыг шаардсаар буй юм байна.

2025 оны нэгдүгээр сард эсэргүүцлийн хөдөлгөөн өргөжсөний дараа Сербийн Ерөнхий сайд, мөн Нови Сад хотын өмнөх дарга Милош Вучевич огцорсон. Улмаар гуравдугаар сард парламент энэ шийдвэрийг баталжээ. Засгийн газрын шинэ тэргүүнээр Ерөнхийлөгч Вучичийн санал болгосон анагаах ухааны профессор Журо Мацут томилогдсон байна. Гэвч Вучич “Ардчилсан орнууд эсэргүүцлийн жагсаал гарах бүрд сонгуулийн товоо өөрчилж болдоггүй” хэмээн мэдэгджээ.

2025 оны есдүгээр сард Сербид дахин засгийн газрын эсрэг хүчтэй эсэргүүцэл өрнөх үед 40 гаруй хүнийг баривчилсан байна. Энэ үеэр 13 цагдаа гэмтсэн талаар Дотоод хэргийн сайд Дачич мэдээлжээ. Жагсагчид хууль сахиулагчид руу чулуу, шил шидэж, дохионы пуужин болон төмөр саваа ашигласан бол цагдаа нар нулимс асгаруулагч хий, дуу чимээт гранат хэрэглэн, хариу арга хэмжээ авсан байна.

Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич 2025 оны арванхоёрдугаар сард парламентын ээлжит бус сонгууль 2026 онд болохыг баталжээ.

Эх сурвалж: DW