Эль Сальвадор улсын Ерөнхийлөгч, өдгөө 44 настай Найиб Букеле улсдаа маш хатуу бодлого явуулж, маш олон хүнийг шоронд хорьсноор дэлхийн хамгийн их хоригдолтой орон болгожээ. Мөн өөрийгөө хэдэн ч удаа дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой болгож, өмнөх хязгаарлалтыг цуцалсан байна. Ийм хүчтэй, хяналттай засаглал цаашид хэрхэн үргэлжлэх бол?

Бид “Human” буландаа дэлхийн хамгийн cool дарангуйлагч гэгддэг Найиб Букелегийн талаар онцолж байна.

Гэмт хэргийн эсрэг “төмөр нударга”

Эль Сальвадор даяар 2022 оны гуравдугаар сарын 25-нд олон зуун гар утсанд нэгэн ижил мессэж иржээ: “Adelante” (“Урагшаа”). Энэ нь алдартай гэмт бүлэглэл Mara Salvatrucha (MS-13)-ийн гишүүдэд өгсөн дохио байсан аж.

Дараагийн өдөр нь тэд улс даяар 60 гаруй хүнийг буудан хөнөөж, хэдхэн хоногийн дотор 80 гаруй хүн амиа алдсан нь 1980-аад оны иргэний дайнаас хойших хамгийн аймшигтай “цуст үе” болжээ.

Букеле маш хурдан хариу арга хэмжээ авч, онц байдал зарлуулж, Үндсэн хуулийн олон эрхийг түдгэлзүүлсэн байна. Сэжигтэй этгээдүүдийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, цэрэг цагдаа гудамж бүрт шалгалт хийж эхэлжээ.

Хоёр долоо хоногийн дотор 10.000 гаруй хүнийг баривчилж, 2026 он гэхэд нийт хүн амын 1.9 хувь (50 хүн тутмын 1) шоронд хоригдох болж, дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна.

Хүний эрхийн байгууллагууд энэ байдлыг шүүмжилж, зарим нь “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” байж болзошгүй гэж дүгнэжээ. Өөрийнх нь хэлснээр ч олон мянган гэмгүй хүн энэ ажиллагаанд өртсөн аж.

Гэсэн ч ард түмэн дэмждэг

Гэхдээ сонирхолтой нь, олон салвадорчууд Букелед сэтгэл хангалуун байдаг аж. 2026 оны судалгаагаар, түүнийг дэмжигчдийн тоо 92 хувьд хүрчээ. Энэ улс орон өмнө нь бөмбөрцгийн баруун хагаст аллагын хамгийн өндөр түвшинтэй байсан бол одоо хамгийн аюулгүйд тооцогдох болсон байна.

Иргэд “Хэрэв энэ дарангуйлал юм бол би дэмжинэ” гэж хэлжээ. Учир нь, тэд гудамжаар айдасгүй алхах болсон байна.

Шүүмжлэл: Ардчиллаас ухарч байна

Хэдийгээр дэмжигчид олон боловч шүүмжлэл ч хүчтэй байгаа аж. Сэтгүүлчид, иргэний нийгмийн идэвхтнүүд баривчлагдах, цөлөгдөх, дарамтлуулах тохиолдол нэмэгджээ. Мөн Букеле Ерөнхийлөгчийн хугацааны хязгаарлалтыг цуцалж, хэдэн ч удаа дахин сонгогдох боломжтой болжээ.

Түүнийг шүүмжлэгчид түрэмгий, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг. Бодлогогүй, төлөвлөгөөгүй, эрх мэдэлд хэт автсан гэж тодорхойлдог байна.

Эхлэл ба өсөлт

Букеле 1981 онд нийслэл Сан-Сальвадор хотод төржээ. Тэрбээр баян гэр бүлд өссөн бөгөөд улс төрд 2011 онд орсон байна. Анх хотын даргаар ажиллахдаа номын сан, эмнэлэг, дэд бүтэц зэрэг төслүүд хэрэгжүүлж, нэр хүнд олжээ.

Гэвч санхүүгийн сахилга бат сул, өрийг огцом өсгөсөн ч PR буюу сурталчилгаа маш сайн хийж чадсан нь түүнийг Ерөнхийлөгч болоход нөлөөлсөн байна.

 

Cool диктатор” имиж

Букеле уламжлалт улстөрчдөөс ялгаатай. Тэр костюм биш, бейсболын малгай өмсөнө. Олон нийтийн сүлжээгээр шууд харилцдаг. Өөрийгөө “дэлхийн хамгийн cool дарангуйлагч” гэж нэрлэжээ.

Найиб Букелег эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд дараах хатуу алхмуудыг хийсэн гэж шүүмжилдэг байна. Үүнд:

Дээд шүүхийг сольсон → Өөрт нь илүү ойр, дэмждэг хүмүүсээр шүүгчдийг өөрчилсөн.

Парламент руу цэрэг оруулсан → Хууль тогтоогчдод дарамт үзүүлэх мэт хүч хэрэглэсэн.

Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан → Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чөлөөтэй ажиллахад саад болсон аж.

Биткойны туршилт

Букеле мөн улс орноо криптовалютын төв болгохыг оролдож, биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгожээ. Тэрээр “Bitcoin City” байгуулах төлөвлөгөө танилцуулсан ч иргэд нь эсэргүүцсэн байна. Мөн эдийн засгийн эрсдэл өндөр байсан тул эцэст нь бодлогоо буцаажээ.

Өнөөгийн байдал

Онц байдал одоо ч үргэлжилж байгаа аж. Хорих ангиуд дүүрч, нэг камерт 100+ хүн. Эрүүл ахуйн нөхцөл муу, эрүүдэн шүүдэг тухай мэдээллүүд гарчээ. Гэсэн ч гэмт хэрэг эрс буурч, олон хүн аюулгүй амьдрах болсон байна.

Шинжээчдийн дүгнэж буйгаар, Найиб Букеле нэг талаас гэмт хэргийг дарж чадсан хүчтэй удирдагч бол нөгөө талаас ардчиллыг сулруулсан маргаантай лидер аж.

Түүний засаглалын гол асуулт хэвээр байна: Аюулгүй байдал чухал уу, эсвэл эрх чөлөө юу?

Эх сурвалж: AL JAZEERA, SEMANA

Хэвлэлүүд: Зеленский стратегиа өөрчилжээ