Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын хойд хэсгийн Шаньси муж дахь нүүрсний уурхайд болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас дор хаяж 90 хүн амиа алджээ. Ослын газар нь Шаньси мужийн Люшэньюй нүүрсний уурхай бөгөөд энэ нь 2009 оноос хойших Хятад дахь хамгийн том уурхайн осол болсон байна.
Дэлбэрэлт баасан гарагт орон нутгийн цагаар 19:29 цагт болжээ. Тухайн үед уурхайд 247 ажилтан ээлжинд ажиллаж байсан аж. Одоогийн байдлаар 100 гаруй хүнийг аварсан бөгөөд олон зуун аврагч ослын бүсэд ажиллаж буй юм байна.
Хятадын дарга Ши Жиньпин шархадсан иргэдийг эмчлэх, амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд “бүх хүчээ дайчлах”-ыг үүрэг болгожээ. Мөн дэлбэрэлтийн шалтгааныг яаралтай тогтоож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардсан байна.
Хорт хийд хорджээ
Одоогийн байдлаар 27 хүн орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж буй бөгөөд тэдний нэгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Бусад нь хөнгөн гэмтжээ.
Төрийн хэвлэлүүдэд мэдээлснээр, ихэнх хүмүүс уурхайд тархсан хорт хийд хорджээ. Яг ямар хий байсан нь тодорхойгүй байгаа ч уурхайн доторх нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ аюултай түвшнээс давсан байсан гэж мэдээлсэн аж.
Шархадсан уурхайчин Ван Юн ослын талаар “Би ямар нэг дэлбэрэх чимээ сонсоогүй. Гэнэт өтгөн утаа босож ирсэн. Тэсэлгээний дараах шиг хүхрийн үнэр үнэртсэн. Би бүгдэд ‘зугтаарай’ гэж хашгирсан. Гүйж байхдаа хүмүүс утаанд хордоод унаж буйг харсан. Дараа нь би өөрөө ч ухаан алдсан” хэмээн ярьжээ.
Тэрбээр ойролцоогоор нэг цагийн дараа ухаан орж, хажууд байсан хүнтэйгээ хамт уурхайгаас гарсан байна.
Аврах ажиллагаанд хүндрэл гарч байна
Хятадын Онцгой байдлын яам зургаан аврах багаас бүрдсэн 345 ажилтныг ослын бүс рүү илгээжээ. Гэвч аврах ажиллагаанд хэд хэдэн хүндрэл тулгарч байгаа аж. Үүнд, дэлбэрэлт болсон хэсэгт ус хуримтлагдсан, уурхайн зарим хэсэгт нэвтрэх боломжгүй болсон, уурхайн өгсөн зураг төсөл бодит нөхцөлтэй таарахгүй байгаа зэрэг асуудал багтаж буй юм байна.
Мөн уурхайн удирдлагын багийн зарим хүнийг саатуулсан тухай мэдээлжээ.
Өмнө нь ч аюултай уурхай гэж бүртгэгдэж байжээ
2024 онд Люшэньюй уурхайг Хятадын Уул уурхайн аюулгүй байдлын үндэсний газар “аюулгүй ажиллагааны ноцтой эрсдэлтэй уурхай” гэж бүртгэж байсан аж. Уурхайг ажиллуулдаг Tongzhou Group компани 2025 онд аюулгүй ажиллагааны зөрчилтэй холбоотой хоёр удаа захиргааны шийтгэл авч байжээ.
Хятадын нүүрсний уурхайн “хар үе”-ийг дахин сануулав
Шаньси муж нь Хятадын нийт нүүрсний үйлдвэрлэлийн дөрөвний нэгээс илүүг дангаараа олборлодог бүс нутаг юм. 2000-аад оны эхээр Хятадын нүүрсний уурхайнууд осол ихтэй, аюулгүй байдал сул гэдгээрээ алдартай байжээ.
Сүүлийн жилүүдэд эрх баригчид аюулгүй ажиллагааны стандартыг чангатгах, хууль бус уурхайнуудтай тэмцэх арга хэмжээг идэвхтэй авч хэрэгжүүлсэн ч томоохон ослууд тасраагүй хэвээр байгаа аж..
2023 онд Өвөрмонголын ил уурхайн нурангид 53 хүн амиа алдсан бол 2009 онд Хэйлунжян мужийн уурхайд болсон дэлбэрэлт 100 гаруй хүний аминд хүрчээ.
Нүүрснээс хамааралтай хэвээр байгаа Хятад
Хятад улс дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч бөгөөд хүлэмжийн хий хамгийн их ялгаруулдаг орон хэвээр байгаа аж. Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний салбарт рекорд хэмжээгээр хөрөнгө оруулж буй ч нүүрсний салбар эдийн засгийнх нь гол тулгуур хэвээр буй юм.
Энэхүү осол нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Хятадад өндөр түвшний айлчлал хийснээс хэдхэн хоногийн дараа гарснаараа олон улсын анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: ВВС