Европт заг хүйтэн болон тэмбүү зэрэг бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) түүхэн дээд түвшинд хүрсэн тухай шинэ тоон мэдээлэл гарчээ. Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв (ЕӨУСХТ)-өөс мэдээлснээр, 2024 онд эдгээр хоёр өвчний халдварын түвшин сүүлийн 10 гаруй жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна.
Заг хүйтэн өвчний тохиолдол 2024 онд 106,331-д хүрч, 2015 оноос хойш 303 хувиар өссөн бол тэмбүүний тохиолдол мөн хугацаанд хоёр дахин нэмэгдэж 45,557 болжээ.
Эрүүл мэндийн агентлагийн үзэж буйгаар, шинжилгээ, урьдчилан сэргийлэлт хангалтгүй болсон нь халдвар огцом өсөхөд нөлөөлсөн тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулжээ.
ЕӨУСХТ-ийн халдварт өвчний хэлтсийн дарга Бруно Чанйо хэлэхдээ “Эдгээр халдварууд нь архаг өвдөлт, үргүйдэл зэрэг ноцтой хүндрэл үүсгэх боломжтой. Тэмбүүний хувьд зүрх, мэдрэлийн системд хүртэл нөлөөлж болдог” гэжээ.
Мөн тэр "Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол (нярайд эхээс дамжих халдварлах) 2023 оноос 2024 он хүртэл бараг хоёр дахин өссөн" гэж онцолсон байна. Бруно Чанйо мөн “Бэлгийн эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн арга бол шинэ, эсвэл олон хавьтагчтай үед бэлгэвч хэрэглэх, шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөх юм” гэж зөвлөжээ.
Улс орнуудын нөхцөл байдал
2024 онд Европын орнуудаас хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн улс нь Испани байжээ. Үүнд:
Заг хүйтэн: 37,169 тохиолдол
Тэмбүү: 11,556 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эрсдэлт бүлгүүд
ЕӨУСХТ-ийн мэдээлснээр, эрэгтэй эрэгтэйтэй бэлгийн харьцаанд ордог хүмүүсийн дунд заг хүйтэн, тэмбүүний өсөлт хамгийн өндөр байгаа аж. Мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд тэмбүү өвчний тохиолдол мэдэгдэхүйц нэмэгджээ.
Хламиди ба бусад мэдээлэл
Хламиди нь одоогийн байдлаар хамгийн түгээмэл бүртгэгддэг бактерийн халдвар хэвээр байгаа ч 2015 оноос хойш 6 хувиар буурч, 213,443 тохиолдол болсон байна.
Их Британи Европын холбооноос гарах шийдвэр гаргасны дараа энэ судалгаанд оролцохоо больсон ч Английн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (UK Health Security Agency) өөрийн тайландаа 2024 онд Англид 71,802 заг хүйтэн, 9,535 тэмбүүгийн тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлжээ. Мөн хламиди 168,889 тохиолдол бүртгэгдсэн байна.
Вакцин ба урьдчилан сэргийлэлт
Их Британи 2025 онд заг хүйтний вакцин анх удаа нэвтрүүлсэн бөгөөд энэ халдвар 2023 онд 85,000 тохиолдолд бүртгэгдэж, дээд түвшинд хүрсэнтэй холбоотой аж.
Шинж тэмдэг
Заг хүйтэн (гоноррей):
-Шээс болон бэлгийн замын хэвийн бус ялгадас
-Зарим тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй байж болно.
Тэмбүү:
-Бэлэг эрхтэн болон ам орчим шарх
-Гар дээр тууралт
-Үс унах
-Ханиадтай төст шинжүүд. Эдгээр нь эхэндээ анзаарагдахгүй байж, үе үе сэдэрдэг байна.
Эмч нарын зөвлөснөөр, эдгээр халдваруудыг бэлгэвч зөв хэрэглэх, шаардлагатай үед вакцин хийлгэх, мөн антибиотикоор эмчлэх замаар урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой ч эмчлээгүй тохиолдолд ноцтой хүндрэл үүсгэдэг байна.
Эх сурвалж: BBC