АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд хоёр дахь удаагаа төрийн айлчлал хийснээс ердөө долоо хоногийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Хятадад айлчлав. Хятадын дарга Ши Жиньпин хоёр удирдагчийг хоёуланг нь төрийн өндөр ёслолын түвшинд хүлээн авсан ч нарийн ажиглавал мэдэгдэхүйц ялгаа байжээ.
Кремль “Айчлалын гадаад ёслолоос илүү бодит агуулгыг харах хэрэгтэй. Бүх зүйл гаднаас харагддаггүй” хэмээн онцолжээ.
Нисэх буудлын угталт: ялгаа юунд байв?
Хятадын дипломат ёслолд нисэх буудлын угталт, үдэлт нь улс төрийн чухал дохио болдог. Төрийн зоог, хүндэт харуул зэрэг нь ч мөн адил утга агуулгатай.
Путиныг хэрхэн угтав?
Путиныг Бээжингийн нисэх буудалд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И тосон авсан нь Хятадын стандарт дипломат протоколд нийцсэн алхам байжээ. Ван И нь Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Хятадын хамгийн нөлөө бүхий дипломатчдын нэг юм.
Харин Трампыг?
Трампыг Хятадын дэд ерөнхийлөгч Хань Жэн хүлээн авчээ. Хэдийгээр тэр Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн биш ч төрийн түвшний албан тушаалын хувьд Ван И-гээс өндөр статустай.
Шинжээчдийн үзэж буйгаар, ийм ялгаа гарсан нэг шалтгаан нь Трамп Путинтэй харьцуулахад Бээжинд маш ховор айлчилдагтай холбоотой аж.
Ижил эзэн, өөр “тоглолт”
Ёслолын хэсэг
Ши Жиньпин, Путин хоёрын гар барилт ойролцоогоор найман секунд үргэлжилсэн бол Трамптай гар барихдаа 10 гаруй секунд болж, Трамп Шигийн мөрөн дээр зөөлөн хүрч, илүү дотно уур амьсгал бүрдүүлсэн нь анзаарагджээ.
Хоёр айлчлал хоёулаа Ардын их танхимд хүндэт харуул, их бууны ёслолтойгоор эхэлсэн байна.
Хэлэлцээний бодит үр дүн
Трампын айлчлал
Трамп хоёр өдрийн турш Ши Жиньпинийг магтан сайшааж, Хятадаас Ираны асуудлаарх дэмжлэг авахыг оролдсон ч бодит томоохон ахиц гарсангүй. АНУ, Хятад хамтарсан мэдэгдэл гаргаагүй бөгөөд хоёр тал тус тусдаа товч мэдээлэл нийтэлжээ. Тэнд:
- Boeing онгоц худалдах,
- хөдөө аж ахуйн экспортын хязгаарлалтыг сулруулах,
- ирээдүйд тариф бууруулах зэрэг цөөн асуудал дурдагдсан байна.
Путин-Шигийн уулзалт
Харин Путин, Ши нарын уулзалтын дараа:
- 9935 үгтэй өргөн хүрээний хамтарсан мэдэгдэл,
- богино хэмжээний тусгай тунхаглал,
- цөмийн эрчим хүч,
- эрүүл ахуйн стандарт,
- төрийн мэдээллийн агентлагуудын хамтын ажиллагаа зэрэг нийт 20 баримт бичигт гарын үсэг зуржээ.
Мэдэгдэлд Тайвань, цөмийн аюулгүй байдал, Амурын бар, аварга хулс идэшт баавгай, алтан сармагчин хүртэл дурдагдсан нь хоёр улсын харилцааны өргөн хүрээг харуулжээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн: Өөр өөр тэргүүлэх чиглэл
АНУ-ын баг
Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:
- Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио,
- Сангийн сайд,
- Батлан хамгаалахын сайд зэрэг цөөн өндөр албан тушаалтан оролцов.
Харин бизнесийн хүрээнийхэн давамгайлж байсан. Нийт 18 бизнес эрхлэгч:
- технологи,
- санхүү,
- нисэх онгоц,
- үйлдвэрлэлийн салбараас иржээ.
Тэдний дунд:
- Тим Күүк,
- Илон Маск нар байсан.
Оросын баг
Оросын талаас:
- 10 дэд ерөнхий сайдын тав,
- найман сайд оролцсон бөгөөд
гол анхаарал нь: - нефть,
- эрчим хүч,
- банк санхүү байв.
Мөн "Газфром"-ын тэргүүн зэрэг төртэй холбоотой томоохон корпорацийн удирдлагууд багтжээ.
Соёлын арга хэмжээ: Харилцааны өнгө аяс
Путины айлчлалын үеэр ТАСС болон Синьхуа агентлагуудын хамтарсан “Их гүрнүүдийн үл тасрах нөхөрлөл” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ. Хоёр удирдагч өмнөх уулзалтуудынхаа зургуудыг хамт үзсэн байна.
Энэ үеэр Путин Шид хандан
“Нэг өдөр уулзахгүй байхад гурван намар өнгөрсөн мэт санагддаг”
хэмээн хэлсэн нь Хятад-Оросын ойр дотно харилцааг бэлгэдсэн үг болжээ.
Трампын хувьд
Ши Жиньпин Трампыг Бээжингийн алдарт Temple of Heaven буюу Тэнгэрийн сүмд дагуулан очсон байна.
Эрт үед Хятадын эзэн хаад сайн ургацын төлөө залбирдаг байсан энэ газар нь Хятадын олон мянган жилийн түүх, соёлын гүн гүнзгий өвийг харуулах зорилготой алхам байжээ.
Төрийн зоог: Дипломат мессэж ширээн дээр
Путинд зориулсан төрийн зоогт:
- сам хорхойн шөл,
- буурцагны соустай үхрийн мах,
- Бээжин нугас зэрэг хоол багтжээ.
Бээжин нугас нь Трампын айлчлалын үеэр ч мөн зоогийн үндсэн хоолны нэг байжээ.
Путины зоогийн үеэр Хятадын Ардын чөлөөлөх армийн найрал хөгжим:
- Хятадын уламжлалт дуурийн аялгуу,
- Чайковскийн “Хунт нуур” балетын хөгжмийг тогложээ.
Харин Трампын төрийн зоог телевизээр шууд дамжуулагдсан бол Путиныхийг олон нийтэд шууд үзүүлээгүй байна.
Хувийн уулзалтууд
Путин богино хугацааны айлчлал хийсэн тул оройн цагаар Шитэй цай уун, хаалттай уулзалт хийжээ.
Трампыг Хятадын удирдагчдын нууцлаг цогцолбор болох Жуннаньхайн цэцэрлэгт хүрээлэнд урьсан байна. Трамп тэндэхийн “1000 жилийн настай модод”-ыг онцлон гайхсан гэж мэдээлжээ.
Путин ба Ши: олон жилийн нөхөрлөл
Ши Жиньпин 2013 онд Хятадын дарга болмогцоо анхны айлчлалаа Орост хийж байсан. Түүнээс хойш:
- Ши Орост дор хаяж 10 удаа,
- Путин Хятадад 14 удаа айлчилжээ.
Хоёр удирдагч:
- 40 гаруй удаа биечлэн уулзаж,
- 18 удаа утсаар ярьж,
- таван удаа видео уулзалт хийсэн байна.
Харин Трамп?
Трамп ерөнхийлөгч байх хугацаандаа Хятадад ердөө хоёр удаа айлчилжээ.
Ши Жиньпин АНУ-д таван удаа айлчилсан бол Жо Байден бүрэн эрхийн хугацаандаа Хятадад нэг ч удаа очоогүй байна.
Эдгээр хоёр айлчлалын тухайд нэмж өгүүлэхэд, Хятад улс АНУ болон ОХУ-тай харилцахдаа огт өөр дипломат арга барил ашиглаж байгааг харуулав.
- АНУ-тай харилцахдаа Бээжин эдийн засаг, бизнес, худалдаанд төвлөрч,
- Оростой харилцахдаа стратегийн түншлэл, геополитик, урт хугацааны улс төрийн холбоог онцолжээ.
Гадна талаасаа ижил ёслол мэт харагдавч, дотоод агуулга нь Хятадын хоёр их гүрэнтэй харилцах бодлогын үндсэн ялгааг тод томруун илэрхийлжээ.
Эх сурвалж: REUTERS