Монгол Улсын эдийн засаг оны эхний есөн сарын байдлаар 7.3 хувиар өссөн гэх өөдрөг тоог Үндэсний статистикийн хорооноос зарласан. Гэвч макро түвшний энэхүү гялалзсан үзүүлэлтийн цаана жирийн иргэдийн амьжиргаа, өрхийн хэтэвч хэрхэн нимгэрч байгааг мөнөөх л статистик баримтууд хатуухан сануулж байна.
Тодруулбал, эдийн засаг тэлж байгаа ч нэг өрхийн сарын дундаж бодит орлого өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар буюу 61.1 мянган төгрөгөөр буурч, 2.7 сая төгрөг болжээ.
Өмнөх улиралтай харьцуулахад ч өрхийн орлого 8500 төгрөгөөр буюу 0.3 хувиар агшсан үзүүлэлттэй байгаа нь эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орж чадахгүй байгаагийн тод илрэл юм.
Хэдийгээр эдийн засгийн өсөлт тогтвортой харагдаж буй ч өрхийн бодит орлого өсөх бус, эсрэгээрээ буурч байгааг эдийн засагчид төрийн бодлогын алдаа хэмээн шүүмжилж байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын цойлолт эдийн засгийн өсөлтийг 7.3 хувьд хүргэсэн хэдий ч жилийн дүнгээр 13.4 хувьд хүрсэн инфляц иргэдийн гар дээр ирэх бодит орлогыг ийнхүү үнэгүйдүүлж, өсөлтийг нь хязгаарлаж орхив.
Гуравдугаар улирлын байдлаар өрхийн бодит мөнгөн орлого 2.6 сая төгрөг буюу нийт орлогын 94.1 хувийг, харин мөнгөн бус орлого 161.6 мянган төгрөг буюу 5.9 хувийг бүрдүүлсэн байна.
Өрхийн мөнгөн орлого хумигдахад хөдөлмөр эрхлэлтийн орлого 0.9 хувиар, хөрөнгийн орлого 65.8 хувиар огцом буурсан нь ийн шууд нөлөөлжээ.
Өнөөдөр улсын хэмжээнд сард 1.1 сая төгрөгөөс доош орлоготой 95 мянга орчим өрх амьдарч байгаа нь нийт өрхийн 8.6 хувийг эзэлж байгаа бол 1.1-ээс 2.1 сая төгрөгийн орлоготой өрхүүд 21.1 хувийг эзэлж байна. Түүнчлэн бага болон дундаж орлоготой өрхүүдийн санхүүгийн хараат байдал улам бүр гүнзгийрч байгааг тоо баримт гэрчилнэ.
Гуравдугаар улирлын дүнгээр сард 1.1 сая төгрөг хүртэлх орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 83.5 хувийг, 1.1-ээс 1.6 сая төгрөгийн орлоготой өрхийн орлогын 67.1 хувийг, тэр ч бүү хэл 1.6-аас 2.1 сая төгрөгийн орлоготой өрхүүдийн орлогын 52.5 хувийг зөвхөн тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа нь хөдөлмөрийн үнэлэмж доогуур, халамжаас хамааралтай эдийн засгийн эмзэг бүтцийг харуулж буй хэрэг юм.
Орлого хумигдахын хэрээр иргэд хэрэглээгээ танаж, бүсээ чангалахаас өөр аргагүйд хүрчээ. Үүний баталгаа болж өрхийн сарын дундаж бодит нийт зарлага 144.8 мянган төгрөгөөр буюу 5.3 хувиар буурч, бодит мөнгөн зарлага нь 2.4 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 140.2 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 6.6 мянган төгрөгөөр тус тус танагдсан үзүүлэлт болов.
Ялангуяа хүнсний бус бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын зардал 7.2 хувиар буурсан нь иргэд зөвхөн анхдагч хэрэгцээндээ л мөнгөө зарцуулж байгааг илтгэнэ.
Үүний зэрэгцээ үнийн өсөлтөөс шалтгаалан хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын зардал 2 хувиар өсөж, нэг өрх сард дунджаар 873 мянган төгрөгийг хүнсэндээ зориулж байгаагийн 79 хувь нь шууд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулагджээ.
Хамгийн эмзэглүүштэй нь, сард 1.1-ээс 1.6 сая төгрөгийн зарлагатай өрхүүдийн нийт зардлын 34-38 хувийг зөвхөн хоол хүнсний зардал эзэлж буй нь уул уурхайн өсөлтөд дулдуйдсан макро эдийн засгийн тоонууд болон айл өрхийн гал тогоон дахь бодит амьдрал хоёрын хооронд асар том ангал үүссэнийг батлан харуулж байна.
С.МАНДАХ